
Говьсүмбэр аймгийн Засаг дарга Ж.Баянмөнх байсхийгээд хэл аманд өртдөг. Түүнийг хууль хяналтынхан саатуулсан аж. Тэд “Улсын төсвөөс хуваарилсан их хэмжээний мөнгийг хувьдаа завшсан” хэмээн Ж.Баянмөнхийг баривчилжээ. Одоогоор нарийн учир нь хараахан тодорхой болоогүй байгаа гэнэ. Ж.Баянмөнх тухайн үеийн МАХН-аас 2004 оны орон нутгийн сонгуульд нэр дэвшин ялалт байгуулж Говьсүмбэр аймгийн Засаг дарга болжээ. Түүнийг Засаг дарга болохоосоо өмнө тус аймагт түүхий эдийн ченж хийдэг байсан гэдэг юм билээ. ГСА буюу гурван сумтай аймгийн Засаг даргаар улиран сонгогдсон Ж.Баянмөнх аймгийнхаа Эд хөрөнгийн бүртгэлийн албаны дарга бүсгүйгээс захиргааны ажилтнуудын байрны гурван өрөөг аавынхаа нэр дээр болгохыг шаардсан. Харин үүнийг нь зөвшөөрөөгүй учир өрөөндөө дуудаж ирүүлэн зодсон гэх мэдээлэл олны анхаарлыг татаж байлаа. Энэ мэт хүн зодсон, дарамталсан тухай яриа Говьсүмбэр аймгийн Засаг дарга төдийгүй Ардын намынхны чихийг халууцуулсаар ирсэн. Түүний аашийг ажилтнууд нь ажлаасаа халагдчихгүйн тулд тэвчихээс өөр арга байдаггүй гэнэ лээ. Тэрбээр баривчлагдахаасаа өмнө Засаг даргын албанаас чөлөөлөгдөх тухай өргөдлөө холбогдох хүмүүст өгчээ. Ямартай ч Ж.Баянмөнхийг балаг тойрсонгүй.
Ц.Энхцэцэг "Улс төрийн тойм" сонин