
дахь өдрөө үргэлжилж байна. Тохилог сайхан орчинд тавтай тухтай
амьдрахыг хүсдэггүй хэн байх билээ. Шил толь болсон сайхан байр байшинг
кинон дээрээс л хардаг үе хэдийнэ ард хоцорчээ. Цонхны хөшгийг торон тюль, даавуу унжлагаар төсөөлдөг байсан бол одоо нийлэг болон даавуун, модон материалаар туузан, татдаг, хагас нээдэг гэхчилэн төрөл бүрийн хөшгөөр гэрээ чимж болох нь. Ханыг зөвхөн цаасаар бус угаадаг, арчдаг өнгө өнгийн эмульсээр янз бүрийн хээ хуараар гоёж болохын дээр хаалга, шал, цонх, тааз зэргийг Ази, Европын аль ч орныхноос дутахааргүй сайхан засч янзалж сурчээ, манайхан. Амины орон сууцыг л гэхэд 20 хоногоос гурван сарын дотор барьж босгоно гээд бодохоор барилгын салбарт дэвшилтэт технологи, шинэ содон бүхэн нэвтэрч амжсаныг харуулна. Амины сууцыг энгийн байдлаар барьж босгоход ам метр нь 180-220 мянган төгрөг бол хаус 280-350 мянган төгрөгт, элит болон сонгодог хаусыг нэг ам метрийг нь 450-650 мянган төгрөгөөр барьдаг ажээ. Үзэсгэлэнд барилгын салбарт нэвтэрсэн шинэ технологи, барилгын материалуудыг дэлгэн тавьснаас гадна баригдаж буй болон бариад дууссан орон сууцны талаар танилцуулж байлаа. Орон сууцны компаниудын танилцуулгаас харахад 960-1300 ам.долларын ханштай байгаа бөгөөд орон сууцны корпорациас төрийн албан хаагчдад зориулан санал болгосон ам.метр нь 650 мянган төгрөгт багтах орон сууц үзээд өгье гэсэн ч байсангүй. Ийнхүү үнэ өндөр байгаа шалтгааныг “Тухайн орон сууцны байршил болоод барилгын материалын үнээс шалтгаалж байгаа. Одоо чинь хүмүүс нэгэнт мөнгө зарж авч байгаагийн ая тухтай, шинэ технологи нэвтрүүлсэн, чанар сайтай барилгыг сонгож байна шүү дээ” хэмээн барилгын компанийнхан тайлбарлаж байлаа. Үзэсгэлэнг үзэж сонирхогчдын тоо чамгүй их ч сонголт хийн худалдан авч байгаа хүн харьцангуй цөөн байгаа нь барилга, орон сууцны үнэ өндөр, хэрэглэгчдийн халаасан дахь мөнгөний хэмжээнээс хэт давсан хэмжээнд байгаатай холбоотой гэж хүмүүс үзэж байна. Урин цаг ирж, хүмүүс зуслангаа зорих үеэр энэхүү үзэсгэлэнг нээсэн нь цагаа олсныг сайшаах хүн ч байлаа. Үзэсгэлэн тавдугаар сарын 3-ныг дуустал үргэлжилнэ.
Д.Цээнэ