Blackberry-гийн гүйцэтгэх захирлууд огцров

Хуучирсан мэдээ: 2012.01.23-нд нийтлэгдсэн

Blackberry-гийн гүйцэтгэх захирлууд огцров

Бизнес хэрэглэгчдийн “түнш” болж чадсан Blackberry ухаалаг гар утсыг үйлдвэрлэгч Канадын “Research in Motion” компанийн гүйцэтгэх ерөнхий захирлууд болох Жим Балсилли, Майк Лазаридис нар албан тушаалаасаа огцрох болсноо өчигдөр албан ёсоор мэдэгджээ. Харин тэдний оронд Германы “Siemens” компанийн захирлаар ажиллаж байсан Торштен Хайнс “RIM” компанийг тэргүүлэх болсон байна. Нэгэн үе мандаж байсан тус компани сүүлийн үед зах зээл дэх байр сууриа алдахгүйн тулд чамгүй хүч, хөдөлмөр гаргаж буй юм. “Research in Motion” компани өнгөрсөн сарын мэдэгдэлдээ компанийн ирээдүйд нөлөөлөх гар утасны загварууд 2012 оны сүүлч хүртэл хойшлогдох болсон тухай мэдэгдсэн юм. Мөн тус компанийн Apple iPad-тай өрсөлдүүлэхээр гаргасан Playbook таблет нь худалдан авагчдын анхаарлыг татахуйц хэмжээнд хүрч чадаагүй билээ. Хувьцаа эзэмшигчид болон судлаачид тус компанид шинэчлэл хэрэгтэй гэдгийг мэдэгдэн, компанийн доройтолд Балсилли, Лазаридис нарыг буруутгаж буй. Хэдхэн жилийн өмнө 70 тэрбум ам.доллараас илүү үнээр хэмжигдэж байсан компани одоогоор зах зээлд 8.9 тэрбумын ханштай байгаа аж.

Майк Лазаридис компанийн удирдах зөвлөлийн орлогч даргын шинэ үүрэг хүлээн авах  бол Жим Балсалли захирлуудын зөвлөлийн гишүүн хэвээрээ үлдэх байна. Тэднийг канадууд улсын баатрууд хэмээн хүлээн авдаг байсан бөгөөд цагаачилж, шилжин суурьшиж буй иргэдийн зааварт хүртэл зургийг нь гардаг байжээ.

Т.Мөнхсайхан
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж