Сураггүй байсан иргэдийг олжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.02-нд нийтлэгдсэн

Сураггүй байсан иргэдийг олжээ

Өнгөрөгч шөнө Говь-Алтай, Өвөрхангай, Сүхбаатар, Дорнод, Баян-Өлгий, Ховд аймагт салхи 14-18 метр секунд, зарим үед 24 метр секунд хүрч шороон болон цасан шуурга шуурч хоножээ. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Дорнод аймгийн Халхгол суманд цас орж бага зэрэг шуурсан юм байна. Шуурганы улмаас Сүхбаатар аймагт олон иргэн төөрч, цасанд боогджээ.

 Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумаас хойш 20 км “Зэрлэг” гэдэг газар өвөлжиж байгаа иргэн Д-ын малчин Б 400 гаруй бог малаа хариулж яваад сураггүй байсныг сумаас эрлийн баг гаран олсон аж.

 Мөн аймгийн Баруун-Урт сумын иргэн Б, тус сумын Энх-Амар гэдэг газар өвөлжиж байсан иргэн Б малаа хариулж яваад сураггүй байсныг олж сумын эмнэлэгт хүргэсэн юм байна. Баруун аймгуудад цаг агаар таагүйтсэн учир түр хугацаагаар нийслэлээс машин гаргахгүй байсан юм. Түр хорио тавихаас өмнө нийслэлээс гарсан машин Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутагт саатсан гэнэ. Улаанбаатараас  Бор-Өндөр тосгоны чиглэлд 19 зорчигчтой явж байсан УБЛ 06-79 улсын дугаартай зорчигч тээврийн автобус өчигдөр цасанд боогджээ. Мэдээллийн дагуу  аймгийн Онцгой байдлын хэлтсээс аврагч нар гарч цаснаас гаргасан аж.

 Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг “Гүнжийн хоолой” гэдэг газар цасанд суусан иргэдэд тус дүүргийн онцгой байдлын хэлтсийнхэн тусламж үзүүлсэн гэнэ. Баруун чиглэлийн зам, давааны цасыг цэвэрлэж байгаа ч шөнөдөө цас орж байгаа учир цаг агаар сайжиртал хөдөө орон нутаг руу явахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас  анхааруулж байна.

Х.Хангал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж