
Дархан-Уул аймгийн Статистикийн хэлтэс сар бүр хүнсний зах болон томоохон худалдааны төвүүдэд худалдаалж байгаа хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн судалгаа хийж, үнийн өсөлт, бууралтыг тодорхойлдог. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын байдлаар Дархан-Уул аймгийн хүнсний зах, дэлгүүрт худалдаалагдаж байгаа хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүн үнийн дүнгээр нь өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 2.4 хувь, суурь он буюу 2005 оныхтой харьцуулахад 90.1 хувиар өссөн дүнтэй байна. 2011 оны арваннэгээс арванхоёрдугаар сар хүртэлх хугацаанд гурил, гурилан бүтээгдэхүүн 1.2 хувиар буурч, сүү, сүүн бүтээгдэхүүн 7.4 хувиар өссөн ч мах махан бүтээгдэхүүн 11.5 хувиар, төмс хүнсний ногооны үнэ 10 хувиар тус тус өсч, үнийн индекс 6.1 хувь, ерөнхий индекс 2.4 хувиар өсөхөд голлон нөлөөлжээ. Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ буурахгүй улам өсч байгаа нь нэг талаас инфляцитай холбоотой. Ялангуяа иргэдэд бэлэн мөнгө тарааснаас шалтгаалж, бүх зүйлийн үнэ дагаад өссөн гэж ч тайлбарладаг. Мөн валютын ханш өсөх төдийд л худалдаачид бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмээд эхэлдэг. Харин өнгөрсөн оны арваннэгдүгээр сартай харьцуулахад тус оны арванхоёрдугаар сард гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ өссөн нь шинэ жилийн баяртай холбоотой гэдгийг албаны хүн хэлж байгаа юм. Өнгөрсөн сарын статистикийн мэдээллээр мах, сүү гэхээсээ илүү жимс жимсгэний үнэ илүү өссөн байна. Он гарсаар ч махны үнэ өсч байгааг хэлж байна. Үүнээс гадна үнийн өсөлттэй Дархан-Уул аймгийн Үйлдвэрчний эвлэлийнхэн тэмцэж байгаагаа илэрхийлэв.
У.Гэгээ
www.darkhan.org