
Ерөнхий сайд С.Батболдоос тэргүүн шадар сайдад МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлээд буй. Эл асуудал Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой Үндсэн хууль, Засгийн газрын хуульд заасны дагуу зөвшилцөх ажил явагдаж байгаа билээ. Гэтэл эл асуудалтай зэрэгцэн У.Хүрэлсүхийг улсын төсвийн мөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоогоод үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит “Шивээ овоо” ХХК-ийн нүүрсний уурхайн эргэн тойрны газрыг намынхаа нарийн бичгийн дарга Я.Содбаатарын хамт байгуулсан “Шинэ шивээ” гэдэг компаниараа дамжуулж авсан гэсэн мэдээлэл зарим сонинд хэвлэгджээ. Энэхүү мэдээллийг эсэргүүцэж, харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн шүүхэд нэр төрөө сэргээлгэхээр нэхэмжлэл гаргасан аж. Нэхэмжлэлийн дагуу өнгөрсөн пүрэв гаригт анхан шатны шүүх хурал болж, У.Хүрэлсүх, Я.Содбаатар нарыг “Шинэ шивээ” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч биш, энэ “Шинэ шивээ” гэдэг компанитай ямар ч холбоогүй гэдгийг тогтоож, нэр төрийг нь сэргээжээ.
Эх сурвалж: “Нийгмийн толь” сонин