“Цагаагчин гахай жил” романы нээлт боллоо

Хуучирсан мэдээ: 2012.01.23-нд нийтлэгдсэн

“Цагаагчин гахай жил” романы нээлт боллоо

Монголын уран зохиолын академийн ерөнхийлөгч, МЗЭ-ийн болон Д.Нацагдорж, С.Буяннэмэх нарын нэрэмжит шагналт зохиолч, доктор, профессор Долгорын Цэнджавын “Цагаагчин гахай жил” романы нээлт Дундговь аймгийн төв Мандалговь болон Гурвансайхан суманд боллоо. Зуун жилийн өмнө болсон Үндэсний эрх чөлөөний хувьсгал, Богдхаант Монгол Улсыг төвхнүүлэх үйл хэрэгт  Түшээтханы /одоогийн Дундговь аймгийн/ төрийн зүтгэлтнүүд ямар үүрэгтэй оролцож байсныг өгүүлсэн шинэ романы нээлтийн арга хэмжээнд Дундговь аймгийн Засаг дарга доктор, профессор Д.Чандмань хэлсэн үгэндээ “Цагаагчин гахай жил” гайхамшигт роман та бидний гар дээр өнөөдөр ирж байна. Энэ бол нэрт зохиолч, богино өгүүллэгийн мастер Долгорын Цэнджавыг Төрийн шагналд нэр дэвшүүлэх чансаатай роман болжээ” гэж онцлон тэмдэглэсэн бол С.Буяннэмэхийн шагналт зохиолч Х.Зандраабайдий “Дундговь бол утга зохиолын салбарын өндөрлөгүүдийг төрүүлсэн ард түмэн. С.Буяннэмэх, С.Дашдооров нар бол өөр өөрийн үеэсээ арга байхгүй тодорч, цагийг эзэлсэн нэрт зохиолчид. Говийн ард түмний амьдралыг Дашдооров шиг зохиол бүтээлдээ нүдэнд харагдтал дүрслэн гаргасан, утга зохиолын бүх төрлөөр дандаа шилдгийн шилдэгт орсон бүтээл туурвисан зохиолч маш ховор.  Тэдний араас гарч ирсэн том зохиолч бол яах аргагүй Долгорын Цэнджав.  Цэнджавын зохиолын дүр дүрслэл, үйл явдлын өрнөл нь дэлхийн сонгодог зохиолд байдаг жишигтэй дүйцдэгээрээ онцлог” хэмээн онцоллоо.

Зохиолч Д.Цэнджав шинэ романыхаа дээжийг аймгийн удирдлага болон хошууч генерал Ж.Содном, Монгол Улсын Гавьяат багнш З.Цэвээнравдан нарын олон хүнд гардууллаа. Харин хүнд ном бэлэглэхдээ заавал дэлгэж барьдаг, “Ном дор мөргөм үү” гэдэг үгийн учир нь номоо тэргүүндээ хүргэн адислах биш харин тэргүүнээ бөхийлгөн номонд хүргэн адис авах учиртайг зохиогч энэ үеэр тайлбарлав. Романы нээлтэд УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдорж, зохиолчийн төрсөн дүү, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн До.Чулуунбаатар нар оролцлоо.

Мөн Улаанбаатар хотын Тарвалин хийдийн хамба лам Ариунболд тэргүүтэй лам хуврагууд оролцон сүсэгтэн олонд ном айлдлаа. Зохиолч До.Цэнджавын төрсөн нутаг, ялангуяа байгалийн үзэсгэлэнт Их газрын чулуу бол түүх соёлын дурсгалаар баялаг. Тэдгээрийн тоонд Чингис хааны үйл амьдралд холбогдох  Тогоо, Тахилын хонхорын домог ордог.  Тэгвэл  Одоо аймгийн музейд хадгалагдаж байгаа ч  ёроол нь хэмхэрсэн, энд тэндээ сэв суусан тул анхны төрхөөр нь хэв авч урлан бүтээж анх байсан газарт нь залж, түүхийн нэгэн цогцолбор болгон тохижуулахаар ах, дүү хоёр энэ зохиолч, сэтгүүлч хөрш сумдын уугуул  номч гавж нарын оролцоотойгоор сэдэн санаачлаад ажил хэрэг болохоор энэ далимд хүрэлцэн иржээ.  Тогоо, Тахилын орчныг тохижуулах зураг төслөө энэ үеэр аймгийн удирдлагад  танилцууллаа.

С.Пүрэвсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж