“Би Ди СЕК” хувьцааны үнийг зохиомлоор буулгаж байжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.23-нд нийтлэгдсэн

“Би Ди СЕК” хувьцааны үнийг зохиомлоор буулгаж байжээ

Санхүүгийн зохицуулах хорооны даргын баталсан “Нэр бүхий хувьцаат компаниудын үнэт цаасны арилжаанд шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу өнгөрсөн сард “Эй Пи Пи” ХК /хуучнаар “Сөдөт” ХК/, “Монгол мах экспо” ХК, “Хэрэглээ импекс” ХК, “Бэрх уул” ХК, “Гурил тэжээл Булган” зэрэг компанийн үнэт цаасны арилжаанд шалгалт хийжээ. Энэхүү шалгалтыг үнэт цаасны үнэ ханшид зохиомлоор нөлөөлсөн, дотоод мэдээлэл ашиглан арилжаанд оролцсон, нийтэд болон хөрөнгө оруулагчдад хүргэх мэдээллийг нуун дарагдуулах замаар зах зээлийг урвуулан ашигласан тохиолдол байгаа эсэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах зорилгоор хийсэн байна.Шалгалтаар хэд хэдэн зөрчил илэрчээ.

 
Тухайлбал “Би Ди СЕК” компани үнэт цаасны арилжаанд оролцохдоо Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 16.1.3 дахь заалтыг зөрчин “Бэрх уул” ХК-ийн хувьцааны ханшийг зохиомлоор буулгаж, “Хувьцаат компанийн хувьцааг заавал болон сайн дурын үндсэн дээр худалдан авах санал гаргах ажиллагааны журам”-ын 5.1.5-д заасныг зөрчсөн байжээ. Тус компанийг Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 38.1.2-ын дагуу 250 мянган төгрөгөөр торгосон байна.

Мөн “Би Ди СЕК”-тэй хамт “Файрбөрд глобал мастер фанд II” /Firebird Global Master Fund II/ компанийг торгожээ. “Хувьцаат компанийн хувьцааг заавал болон сайн дурын үндсэн дээр худалдан авах санал гаргах ажиллагааны журам”-ын 5.1.5-д заасныг зөрчин “Бэрх-Уул” ХК-ийн энгийн хувьцааны 99.88 хувь буюу 19,039,047 ширхэг хувьцааг нэгдмэл сонирхолтойгоор эзэмшиж буй “Файрбөрд глобал мастер фанд II” компани нь өөрийн эзэмшиж буй хувьцааг худалдан авах санал хүчинтэй байх хугацаанд хөрөнгийн биржийн арилжаанд оруулж худалдсан байжээ. Тус компанийг 200 мянган төгрөгөөр торгосон байна.

“Файрбөрд” нь “Би Ди СЕК” компанийн томоохон хувь эзэмшигч бөгөөд ТУЗ-д гишүүнчлэлтэй байдаг. Энэ нь дээрх хоёр компани өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлэн хувьцааны үнийг зохиомлоор буулгахад хүргэсэн хэмээн эх сурвалж мэдээлж байна.

 

Үүнээс гадна “Эй Пи Пи” /хуучнаар “Сөдөт” ХК/ компанийн хувьцааны үнэ ханшийг зохиомлоор бууруулах үйлдэл хийсэн “Азиа пасафик секюритис” ХХК, “Тээвэр дархан” ХК-ийн хувьцааны үнэ ханшийг зохиомлоор өсгөх үйлдэл хийсэн “Дархан брокер” ХХК-ийг тус бүр 250 мянган төгрөгөөр торгожээ. 

 

С.Болд-Эрдэнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж