Завханд махны үнэ өсчээ

Хуучирсан мэдээ: 2012.01.23-нд нийтлэгдсэн

Завханд махны үнэ өсчээ

Завхан аймагт бензин шатахууны үнэ нэмэгдсэний нөлөөгөөр махны үнэ нэлээд нэмэгджээ. Тус аймагт он гарсаар үхрийн мах нэг кг нь 4500-5000 төгрөг, хонины мах 3500-3800, ямааны мах 2500-3000, адууны мах 3500-3800 төгрөгний үнэ ханштай байна. Гэтэл саяхан нэмэгдсэн бензин шатахууны үнэтэй холбоотойгоор махны үнэ кг тутамд 400-500 төгрөгөөр нэмэгдэн худалдаалагдаж эхэлжээ. Махны ченж нарын хэлж байгаагаар малчдаас өндөр үнээр мал авдаг бөгөөд очиж авах бензин шатахууны зардал ихтэй ашиг багатай байдаг гэнэ. Энэ жилийн хувьд нийт нутгаар өнтэй өвөл болж малын хорогдолгүй, нэмэгдэл өвс тэжээлд хөрөнгө мөнгө зарцуулах нь бага байгаа хэдий ч малын үнэ буурахгүй харин ч нэмэгдсээр байгаа. Өнөөдөр тус аймагт идэшний үхэр бараг олдохгүй байгаа аж. Олдсон ганц нэгийг нь малчдын гар дээрээс өндөр үнээр, тээвэрлэлтийн зардал гээд өртөг ихтэйгээр авч байна хэмээн махны ченжүүд гомдоллоцгоож байна. Ийнхүү махны үнэ нэмэгдэж байгаа нь бензин шатахуун, малчид, ченжүүдээс шалтгаалаад болж. Төсвийн байгууллагын ажилчдын нэг сарын цалин ч идэшний үхэр авч чадахгүйд хүрээд байгаа талаар нутгийн иргэд ярьж байлаа.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж