ЕХ Ираны эсрэг дахин хориг тавина

Хуучирсан мэдээ: 2012.01.23-нд нийтлэгдсэн

ЕХ Ираны эсрэг дахин хориг тавина

Европын холбооны гадаад хэргийн сайд нар өнөөдөр Бруссель хотноо болох чуулга уулзалтаар Ираны газрын тосны худалдаанд шат дараатай хориг тавихаа зарлах гэнэ. Европын холбооноос Ираны цөмийн хөтөлбөрийг эсэргүүцсэн хоригийн сүүлчийнх нь энэ болно. Евро бүсийн орнууд Ираны экспортын газрын тосны 20 хувийг худалдаж авдаг томоохон хэрэглэгч юм. Тегераны эрх баригчид цөмийн зэвсэг үйлдвэрлэх гэж буй гэдэг хардлагыг үгүйсгэж, тус улсын эсрэг явуулж буй эдийн засгийн хориг арга хэмжээ бүс нутагт үүсээд буй таагүй байдлыг арилгахгүй гэж байгаа юм. Европын холбооны гадаад бодлогын тэргүүн Катерин Эштон Ираны эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авч эхэлсэн ч Европын холбооны орнууд Ирантай хэлэлцээ хийхэд бэлэн гэж мэдэгджээ. Тэрбээр Иранд өнгөрсөн аравдугаар сард шинэ хэлэлцээ хийх санал тавьсан ч одоогоор ямар ч хариу ирээгүй гэжээ. Европын холбооны гадаад хэргийн сайд нар өнгөрсөн пүрэв гаригт Ираны Төв банкны эсрэг дахин хориг арга хэмжээг шат дараатай явуулах шийдвэр гаргасан бөгөөд ялангуяа газрын тосны худалдаанд хориг тавих нь хамгийн чухал гэж үзжээ. Газрын тос Ираны амин сүнс бөгөөд эрх баригчдынх нь эрх мэдэл, эд баялгийн гол үндэс болдог. Ираны газрын тосны худалдаанд хориг тавьснаар тус улсын эдийн засагт багагүй дарамт учруулна гэж Европын холбоо үзэж байгаа юм. Иран газрын тосныхоо дийлэнхийг Ази руу экспортолдог. Харин АНУ болон Европын холбоо Азийн орнуудыг Иранаас худалдаж авахаа болих,  импортын хэмжээг бууруулахыг ятгаж байна. Европын холбоо Ирантай газрын тосны худалдааны шинэ гэрээ байгуулахыг хориглож байгаа бөгөөд ирэх долдугаар сараас тус улсын газрын тосыг худалдаж авах бүх сүлжээг зогсоох аж. Харин энэ хугацаанд импортлогч орнуудад газрын тосны өөр эх үүсвэр хайхаас өөр аргагүй болох юм. Бүс нутагт ганцаардах болсон Иран дээрх хоригийн хариуд Персийн булангийн нефть үйлдвэрлэгч орнуудын тээвэрлэлтийн 20 хувь нь дамжин өнгөрдөг Ормузийн хоолойг хаана гэж сүрдүүлээд байгаа юм. Харин АНУ нефть тээвэрлэдэг хоолойг Иранаар хаалгахгүй  гэдгээ мэдэгдсэн билээ. Өнгөрсөн жил Иран Ормузийн хоолойн ойролцоо 10 хоногийн цэргийн хээрийн сургуулилт явуулж, хэдэн хэдэн пуужинг туршсан нь болзошгүй халдлагад бэлтгэж байсныг харуулж байгаа юм. Европын холбоо Ираны газрын тосны худалдаанд дахин хориг тавих болсон нь Европт шатахууны үнийг нэмэгдүүлж болзошгүй болоод байна.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж