“Мастер төлөвлөгөө”-ний судалгааг тайлагнана

Хуучирсан мэдээ: 2012.01.23-нд нийтлэгдсэн

“Мастер төлөвлөгөө”-ний судалгааг тайлагнана

Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор төслийн ерөнхий зөвлөх үйлчилгээний тендерийн дүн өнгөрсөн оны тавдугаар сард гарсан.  Үнэлгээний хороо тендерт ирүүлсэн саналуудтай танилцаж үзээд АНУ-ын “Бектел” компанийг сонгосон юм. Ингэснээр  “Бектел” компани нь Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор төслийн мастер төлөвлөгөө, төлөвлөгөөнд тусгасан үйлдвэрүүдийн урьдчилсан ТЭЗҮ, үйлдвэр байгуулах гэрээний хувилбар, санхүүжилтийн бүтэц, төлөвлөгөө зэргийг гэрээ байгуулснаас хойш зургаан сарын дотор боловсруулж,гарсан дүгнэлт, шийдвэрүүдийг Удирдах зөвлөл болон Ажлын хэсэгт танилцуулах учиртай.
Монгол улсын Ерөнхий сайдаар ахлуулсан Сайншандын төслийг хэрэгжүүлэх Удирдах зөвлөл,  түүний дор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатараар ахлуулсан Ажлын хэсэг ажиллаж байгаа билээ.
 Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны Салбарын хөгжил, хөрөнгө оруулалтын бодлогын газрын дарга Б.Ганбаатараас  судалгааны ажлын явцыг сонирхоход “Аж үйлдвэр байгуулах мастер төлөвлөгөө боловсруулах судалгааны ажлын явцад нэмэлт ажлууд гарч ирсэн учраас дахин хоёр сар сунгах шаардлагатай болсон. Ирэх хоёрдугаар сарт судалгааны эцсийн тайлан гарч, Засгийн газар үүний дараа тодорхой шийдвэр гарган үйлдвэрүүдийг барих ажил үндсэндээ эхлэх байх” гэлээ.   

Г.Идэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж