
Тэмцээнээ дуусгасан манай хоёр тамирчин хүүхэд Залуучуудын олимпийн үеэр зохиогдож буй олон улсын соёлын хөтөлбөрт идэвхитэй оролцож байна. ЮНИСЕФ, НҮБ, ОУОХ, Иннсбрукийн олимпийн зохион байгуулах хорооноос хамтран зохион байгуулж буй энэхүү хөтөлбөр нь улс үндэстэн болгоны соёлыг бусдад таниулах, хүүхэд залууст соёлын мэдлэг олгоход чиглэж байгаа юм. Манай хоёр хүүхэд улс болгоны танхимд зочилж, арга хэмжээнүүдэд идэвхитэй оролцож байгаа бөгөөд оноот уралдаанд оролцож байгаа ажээ.
Уг хөтөлбөрийн хүрээнд Монголын тухай танхим ажиллаж, түүнийг Хаалын дунд сургуулийн хүүхэд багачууд удирдан явуулж байна. МҮОХ-ны зүгээс тус сургуулийн хүүхдүүдэд бяцхан бэлгийг өгч, талбайн тохижолтонд зориулсан ном, хуанли зэргийг гардуулан өгсөн юм. Тус сургуулийн багш арга хэмжээний үеэр монгол дээл өмссөн байсан нь ихэд сонирхолтой байлаа. Түүнээс дээлний тухай асуухад өнгөрсөн жил Монгол явсан найзаасаа түр зээлж өмсөж буйгаа хэлсэн юм.