“Мастерс”-ын хошой аварга, жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер С.Мияарагчаатай ярилцлаа.
-Дэлхийн шилдгүүдийн цугларалт “Мастерс”-т хоёр дахь удаагаа түрүүллээ. Танд баяр хүргэе.
-Баярлалаа.
-Алматагийн тэнгэрт төрийнхөө далбааг мандуулж байх үеийнхээ сэтгэгдлийг хуваалцана уу?
-Гаргасан амжилтдаа сэтгэл маш хангалуун байгаа шүү. Тамирчин хүний хамгийн их сэтгэл хангалуун байх үе бол мэдээж энгэртээ алтан медаль зүүчихээд Төрийн дууллаа эгшиглүүлж байх тэр мөч. Хүссэн амжилтаа гаргаж, алтан соёмбот далбаагаа Алматагийн тэнгэрт мандуулчихаад ирлээ. Сайхан байлгүй яахав. Ёстой л нөгөө happy байна гэдэг л болоод байна.
-Эхний тойрогт учраа таарсан Францын тамирчинтай барилдаж байгаагүй гэж сонссон. Анх учирч байгаа бөхтэйгээ барилдахад эвгүй гэдэг шүү дээ. Гэсэн ч та цэвэр ялж гараагаа сайхан эхэлсэн. Тэмцээнээс өмнө өрсөлдөгчөө судалж амжсан уу?
-Барилдааныг нь харж байсан. Токиогийн “Их дуулга”-ын дараа гурав хоногийн хамтарсан бэлтгэл хийхэд би Францын бөхийг зориуд сонгож барилдсан. Бэлтгэлийн үеэр бага зэргийн судалгаа хийсэн. Би бэлтгэл сургуулилт болон тэмцээний дараа заавал тэмдэглэл хөтөлдөг. Яг тэмцээний үед өрсөлдөгч маань эхний гурван минутад над руу довтолж барилдаад хийгээд нэлээд ядарсныг нь би ашиглаж цэвэр буулгаж авсан.
-“Их дуулга”-ын дараа хөтөлсөн тэмдэглэл тань тус болсон уу?
-“Мастерс” дээр Францын бөх ерөнхийдөө миний тэмдэглэлийн дагуу л барилдаж байна лээ. Тэгэхээр тус бололгүй яахав. Ер нь тэгээд бэлтгэл дээр барилдаж байхад ялах боломжтой юм шиг санагдсан.
-Тамирчид өөрийн гэсэн онцлоготой байдаг. Жишээ нь та тэмдэглэл хөтөлж өрсөлдөгчөө судалдаг юм байна. Бусад өрсөлдөгч нар ч бас янз бүрээр өрсөлдөгчөө судалдаг байх. Та бол “битүү морь” биш, тэгэхээр судлагдчихсан л байгаа. Гэхдээ яаж ч судлагдсан гаргууд сайн хийдэг мэх гэж байна биз?
-Сууж үүрэх мэхийг маш сайн хийнэ. Даацтай хийнэ гэж ярьдаг даа. Би сууж үүрэх мэхээ даацтай хийдэг гэж боддог шүү. Гэхдээ ганц мэхээр ялна гэж юу байхав. Яг тэмцээн дээр бол нэлээд олон мэхтэй. Тухайн үеийнхээ мэдрэмжээр л мэх хийдэг.
-Таны барилдаж байхыг харахад сэтгэлийн хөдөлгөөн ихтэй юм шиг харагддаг. Бодит амьдрал дээр бас адилхан уу?
-Энгийн үед гайгүй шүү. Аливаа нэг тэмцээнд зорилго тавьж оролцдог болохоор янз бүрийн эмоци гардаг байх. Эсвэл ялахыг хүссэн хүнээ ялбал бас эмоцио ил гаргана. Найз нөхөдтэйгээ байх үед хөгжилдөх дуртай. Түүнээс биш амьдрал дээрээ яг тогтуун ус шиг дөлгөөхөн, даруухан байдаг болов уу гэж боддог.
-Жүдо бөхөд анх хөл тавьсан үеэ дурсвал?
-1998 онд “Хүч” спорт хороонд анх жүдогоор хичээллэж эхэлсэн. Одоо ч гэсэн “Хүч”-ээрээ овоглож байна. Миний анхны багш гэвэл ааваас минь гадна дэд хурандаа Баатарболд гэж хүн бий.
-Аав тань нээрээ цэргийн арслан цолтой билүү?
-Тийм ээ, цэргийн арслан Санжаасүрэн гэж хүн бий дээ
-Цэргийн арслангийн хүү үндэсний бөхөөр барилдана биз дээ?
-За даа, нэг их барилдаж гавиагүй дээ. Үндэсний бөхөөр барилдъя гэхээр жижигдээд байдаг юм. Би чинь 66 кг жинтэй. Гэтэл үндэсний бөхийнхөн 100 гаруй кг. Биеийн жин бас их нөлөөлдөг юм аа. Түүнээс биш бөхөд хорхойтой. Сумын наадамд зодоглохоос цааш хэтрэхгүй л дээ.
-Гэхдээ өнгөрсөн зун Дундговийн наадамд зодоглосон санагдах юм?
-Тэгсээн тэгсэн. Аймгийнхаа 70 жилийн ойгоор зодоглож, хоёр давсан. Том биетэй байсан бол үндэсний бөхөөрөө барилдах л байсан байх.
-Тэгвэл Бөхийн өргөөнд бөх үздэг үү?
-Хааяа очиж үзнэ. Томоохон барилдаануудыг орчинд нь үзэх дуртай. Улсын арслан арслан Х.Мөнхбаатар бид хоёр сайн найзууд. Найзыгаа очиж балиална шүү дээ. Бас нутгийн бөхчүүдээ дэмжинэ ээ.
-Дундговийн уу?
-Дундговийнхноо дэмжинэ.
-Та “Дүнжингарав”-ын тамирчин болчихсон байсан. Нутаг усаа түшжээ?
-Тийм ээ, “Дүнжингарав”-ын нэрийн өмнөөс барилдаж байгаа. Б.Наранхүү ах маань миний ар гэр, цалин хөлс, уураг витаминжуулалт зэргийг ямар ч асуудалгүй шийддэг болсон. Өнгөрсөн намраас “Дүнжингарав”-ын нэрийн өмнөөс барилдаж эхэлсэн. Ар талдаа санаа зовох нь багасахаар амжилтад ч сайнаар нөлөөлөх юм. Алхам алхмаар урагшилж л байна. Хүнийг цаанаас нь дэмжээд өгвөл сэтгэл санаа хүртэл маш гоё, тайван болдог юм байна лээ. Б.Наранхүү ах энэ бүхэн дээр туслахаас гадна миний сэтгэлзүйч шүү дээ.
-Сэтгэлзүйч?
-Наранхүү ах намайг хурцалж, ирлэж өгдөг. Хүнд их сайхан эергээр нөлөөлдөг хүн гэж байдаг даа. Яг тийм хүн. Дээрээс нь Монголын жүдо бөхийн холбооны зөв менежменттэй үйл ажиллагааны ачаар манай улсад жүдо бөх сайхан хөгжиж байна. Холбооны зөв менежментийн ачаар бид гадагшаа олон тэмцээнд оролцдог боллоо. Гадаадаас шилдэг бөхчүүд манай улсад ирдэг боллоо. Доод үеийн тамирчдын амжилт ч гэсэн сайжирсан гэх мэтээр дурдаад байвал олон сайн тал байна. 2006 оноос хойш Жүдо бөхийн холбоог Х.Баттулга сайд зөв залж, удирдаж явсны хүчинд олимп, дэлхийн аваргатай болсон гэж би боддог. Танай сониноор дамжуулаад Монголын жүдо бөхийн холбоо болон Биеийн тамир, спортын газар, мөн Б.Наранхүү ахдаа баярлаж явдгаа илэрхийлье.
-Өндөр амжилт гаргаж байгаа тамирчдад гадны улс орнууд их цалин амлаж, өөрийн улсын нэр дээр барилдуулах санал тавьдаг гэдэг. Танд ийм санал ирж байв уу?
-2008 он билүү дээ. Манай нутгийн ах АНУ-ын нэг клубтэй холбож өгч байсан. Өөрөө АНУ-д амьдардаг юм л даа. Тэр клуб нь намайг цалинжуулаад аваад явъя гэсэн нэг санал ирж байсан.
-Дахиад тийм санал ирвэл яах вэ?
-Хүлээж авахгүй ээ. Эх нутаг минь байна, эхнэр хүүхэд минь байна. Би өөрөө их үндсэрхэг үзэлтэй. Монголоосоо явахгүй ээ.
-Гэхдээ жүдогоос олдог орлогоороо гэр бүлээ тэжээгээд амьдралаа аваад явах боломж манайд бол хомс биз?
-Эх үүсвэргүйгээр дан ганц цалингаар бол хэцүү. Тамирчдын цалин бага. Энэ асуудал дээр дутагдалтай тал бий. Гадаадын шигшээ багийн тамирчдын цалинтай өөрсдийнхөөгөө харьцуулах ч юм биш. Бидний хувьд өндөр зэрэглэлд гараад ирэх юм бол албан байгууллагууд ивээн тэтгэж эхэлдэг. Тухайн тамирчин тэр компаниудын хүчээр амжилт гаргаж байна шүү дээ. Ивээн тэтгэгчтэй болсноор амжилтад нь өөрчлөлт орж байна. Ар гэрийн асуудалд санаа зоволгүй зөвхөн бэлтгэлдээ анхаарлаа хандуулж амжилт гаргах нь тамирчны үүрэг болж байгаа юм. Хангамж, цалин хөлс сайтай байхад ямар ч тамирчин тайван бэлтгэл сургуулилтаа хийж чаддаг гэдгийн “Дүнжингарав”-т ирснээсээ хойш ойлгоод байгаа шүү.
-Мэдээж байнга жүдогоор барилдана гэж байхгүй. Өөрийнхөө карьерийг дуусахаар юу хийх вэ?
-Энэ талаар хааяа л нэг бодно. Түүнээс биш байнга бодож төлөвлөөд байдаггүй. Хэзээ нэгэн цагт зодог тайлсныхаа дараа аль нэг газарт дасгалжуулагч хийж болох юм. Бас өөртөө тохирсон жижигхэн бизнес ч эрхэлж болно. Яг одоогоор бол жүдогоос өөр зүйл бодох зав байхгүй. Надад хамгийн түрүүнд гүйцэлдүүлэх нэг л зорилго байна.
-Ямар зорилго?
-Энэ жилийн олимпод оролцохыг маш их хүсч байна. Лондонгийн олимп миний мөрөөдөл болчихоод байна. Зорилгоо биелүүлэхийн тулд олон зүйлийг “cancel”-дсан. Олимп гэсэн нэг л зүйл дээр төвлөрч байна даа.
-Олимпод оролцохын тулд олон шалгуур давах ёстой. Хамгийн эхнийх нь таны өрсөлдөгч…
-Цагаанааг хэлж байна уу?
-Харин тийм. Нэг жинд манай хоёр хүчтэй тамирчин байгаад байдаг.
Гэтэл нэг нь л олимпод оролцох нь гашуун үнэн шүү дээ?
-Х.Цагаанбаатар бол тамирчныхаа хувиар яалт ч үгүй гол өрсөлдөгч маань. Монголдоо ч, дэлхийд ч бид мөнхийн өрсөлдөгч. Дэвжээнээс бусад үед бол Цагаанаа бид хоёр сайхан найзууд.
-Мөнхийн өрсөлдөгчийнхөө талаар хэлэх үг ингээд л болоо юу?
-Өө яалаа гэж. Цагаанаа маань хөнгөн жингийнхэндээ манлайлал болж чаддаг. Хөнгөн жингийн тамирчдаа дагуулаад, үлгэр дууриал үзүүлээд явж чадаж байна. Тэмцээн уралдаанд оролцоход хүртэл Цагаанаа л эрч хүч өгч байна шүү дээ. Цагаанааг дагаж бэлтгэл сургуулилтаа хийсний дүнд манай хөнгөн жингийнхэн жигд сайжирч байгаа гэж боддог шүү. Олон хүн санал нийлэх байх аа. Хувь хүнийхээ хувьд ч манай Цагаанаа чинь хүндэлж, хайрлахгүй байхын аргагүй мундаг тамирчин шүү дээ.
-Сая “Мастерс”-т бол та их сайхан барилдлаа шүү дээ?
-Цагаанаа бид хоёр нэг жингийнх учраас хамт бэлтгэл сургуулилтаа хийж суралцах зүйл их байдаг. Тэр ч утгаараа өгөө, аваатай барилддаг байх л даа.
-Хэдийгээр цаг зав багатай ч хааяа чөлөөт цаг гардаг байж таарна. Тэр үедээ юу хийх дуртай вэ?
-Караокед дуулах дуртай. Уг нь би гэр бүл, найз нөхөдтэйгээ хөдөө орон нутгаар салхилж зугаалах их дуртай. Энэ бол миний хобби л доо. Даанч зав болдоггүй юм. 2008 оноос хойш хөдөө явж амарч чадсангүй. 2010, 2011 онд бол бүр огт амраагүй байгаа. Зөвхөн жүдогийн төлөө шүү. Нэг ёсондоо жүдод амьдралаа зориулаад явж байна. Дээд сургууль ч төгсч амжихгүй л явж байна.
-Дээд сургуульд сурч байгаагүй билүү?
-Дээд боловсрол эзэмшиж чадаагүй ээ. Би хоёр гурван ч дээд сургуульд сурч байгаад төгч амжилгүй орхисон. Ер нь тэгээд аливаа спорт тамирчнаас заавал ямар нэгэн золиос шаарддаг юм байна. Амжилт гаргахын тулд шүү дээ. Жүдо бөхөөр амжилт гаргахын тулд сургуулиа орхисон доо. Харин одоо нэг хувийн сургуульд маркетинг менежментийн чиглэлээр сурч байгаа.
-Амжилт гаргасан үед магтана, жаахан тааруу барилдчихвал зэмлэнэ… Дэмжигчид бол хэцүү. Ирж байгаа шүүмжлэлийг хэр хүлээж авдаг вэ?
-Хүлээж авалгүй яах вэ. Хүн бүр загнаж, зандарч, бас эв зүйгээр шүүмжилнэ. Тэр болгоныг бүгдийг нь дотроо тунгаан бодож, хэрэгтэй нь авдаг. Ер нь амьдралдаа олон алдахгүйг хичээдэг. Магтаал зэмлэлийг тэнцүүхэн хүлээж авахыг их хичээнэ ээ. Би чинь багадаа жаахан онгироо хүүхэд байлаа.
-Тийм үү?
-Жаахан онгироо хүүхэд байсан. Тэгээд жүдогоор хичээллэж эхэлснээс хойш өөрийгөө дарж чадсан. Залуу тамирчдад зөв үлгэр дууриал үзүүлэхийг хичээнэ. Ер нь ямар ч төрлийн спорт хүнд зөв хүмүүжил олгодог. Мөн ахмадаа хүндлэх, харьцааны соёл зааж өгдөг. Надаас юм асуугаад ирсэн хүн бүрт би дуртайяа хариу хэлдэг. Мэх заагаад өгөөч гэвэл уриалгахан заана.
-Мияарагчаа хэзээ хамгийн жаргалтай байдаг вэ?
-Зорьсон тэмцээндээ санасан амжилтаа үзүүлэх нь хамгийн том жаргал шүү дээ. Бас удаан хугацаагаар явж байгаад Монголдоо ирээд эхнэр хүүхдээ харж баясах шиг жаргал байхгүй л дээ. Үүнээс гадна амжилт гаргаад ирсэн үед хүмүүс маш гоё дулаан уур амьсгал, гоё энергиэр тосч авах нь бас нэг төрлийн жаргал байдаг.
-Бэлтгэл сургуулилт гээд цаг зав муутай байдаг байх. Хоёр хүүхэд болон гэр бүлдээ хэр цаг гаргадаг вэ. Нэг үгээр хэлбэл хэр сайн аав бэ?
-Сайн аав гэж хэлэхэд дутагдалтай. Яагаад гэвэл миний хийж байгаа ажилтай холбоотой. Би үргэлж тэмцээн, уралдаан гээд гэр бүлдээ, үр хүүхдэдээ цаг гаргах нь бага. Гэртээ байх хугацаандаа бол эцэг хүнийхээ үүргийг гүйцэтгэдэг. Эцэг хүн ямар байх ёстой вэ тэр хэмжээнд байж чаддаг гэж бодож байна.
-Ойрын үед ямар тэмцээнд оролцох вэ?
-Ирэх сарын 1-нээс Европын цуврал тэмцээнд оролцоно. Мөн Парисын “Их дуулга”, Дюсельдорфийн гранприд оролцуулахаар холбооноос шийдсэн байна лээ.
-Цаг гаргаж, ярилцсанд баярлалаа.
-“Хамтын хүч амжилт” гэж манай жүдо бөхийн холбооны уриа бий. Аливаа спортод амжилт гаргахын тулд хамтын хүч хэрэгтэй юм. Ганц хүн хэзээ ч амжилт гаргахгүй. Тийм учраас дотроо эвтэй, нөхөрсөг, зорьсон зорилгодоо тууштай байхыг хүсье. Хөдөлгөөний дутагдал, элдэв төрлийн өвчин, янз бүрийн компьютер тоглоомоос ангижирч хамтдаа спортоор эрүүлжье. Их зүйлийг бүтээж, Монгол Улсынхаа төлөө зүтгэцгээе гэж уриалмаар байна.
“Үндэсний шуудан” сонин
Холбоотой мэдээ