Говьсүмбэрийн Засаг даргыг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.23-нд нийтлэгдсэн

Говьсүмбэрийн Засаг даргыг баривчилжээ

Баасан гариг дарга нарт халтайн жишгээр Говьсүмбэр аймгийн Засаг дарга Ж.Баянмөнх өнгөрсөн тав дахь өдөр ажил дээрээсээ баривчлагджээ. Түүнийг АТГ-ын мөрдөгчид баривчилсан юм байна. Ж.Баянмөнхийг тэр даруйд нь нийслэлд авчирч, шинэ “Ганц худаг” гэгдэх Туулын хөвөөн дэх  ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ. 

Гурван сумтай гэгдэх Говьсүмбэрийн Засаг даргаар гурван удаа улиран сонгогдсон Ж.Баянмөнх Шивээговь сумын "Илчлэг шивээ" орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг өвөрмонгол найз Түмэнбаяртаа менежментийн гэрээ нэрээр өгөхөөр болсноос хэрэг явдал үүссэн юм байна. Ж.Баянмөнх дарга эрх мэдлээрээ далайлган хувьчлалын комисс болон доод тушаалтнуудаа зөвхөн Түмэнбаярт өг хэмээн сүрдүүлж тулгасан сурагтай. Үүнээс гадна Ж.Баянмөнх төсвөөс аймагт хуваарилсан их хэмжээний мөнгийг хувьдаа завшсан хэрэг нь давхар нотлогдсон гэх мэдээлэл бас байгаа юм.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болсон МАН-ын бага хурлаар хариуцлага алдсан гурван Засаг даргыг ажлаас нь чөлөөлнө гэсэн ам яриа явж байсны нэг нь Ж.Баянмөнх. Тэр үеэр чимээгүй өнгөрсөн ч энэ удаа АТГ-ынхан мөрдсөөр ийнхүү хэргийн нотолгоотойгоор баривчилжээ.

Одоогоор Ж.Баянмөнх ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө Ерөнхий сайд С.Батболдод өгсөн мэдээ байна. Түүнийг ажлаас чөлөөлөх нь ч тодорхой болж буй аж. Удахгүй энэ асуудлыг МАН-ын Удирдах зөвлөл ярьж орны хүнийг томилох ажлыг хийж магадгүй байгаа ажээ.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж