Буриадын театрын удирдаач Монголд ирнэ

Хуучирсан мэдээ: 2012.01.23-нд нийтлэгдсэн

Буриадын театрын удирдаач Монголд ирнэ

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа нэгдүгээр сарын 28-нд Ж.Вердийн “Трубадур” дуурийг тоглоно. Дэлхийн шилдэг таван дуурийн нэг гэгдэх тус дуурийг Ж.Верди Испанийн зохиолч Антонио Гарсиягийн “El Trovador” гэх эмгэнэлт зохиолоос сэдэвлэн бичжээ. Сальвадор Каммарано либреттог нь бичсэн энэ дуурийг Ж.Верди 1852 оны арваннэгдүгээр сард, ердөө 30 хүрэхгүй хоногийн дотор бичиж дуусгасан гэдэг. Дуурийн үйл явдал 15 дугаар зуунд Испанид өрнөнө. Иргэний дайн, гүн нууц, хайр сэтгэл, үзэн ядалт, өшөө хорсол бүхэн энэ дуурьт багтжээ.

Энэ удаад Ж.Вердийн “Трубадур” дуурийн гол дүрд буюу Ди Лунад Ч.Энхтайван, Леонорад Б.Эрдэнэтуяа, Азученад Д.Долгормаа, Манрикод Ч.Түмэндэмбэрэл, Феррандод Б.Алтанхуяг, Инест  Д.Туяа, Рюиц Г.Шижирболд, өвгөн цыганд Э.Бумхүү, мэдээ хүргэгч Г.Шижирболд нар тус тус тоглох юм. Харин симфони найрал хөгжмийг Буриадын дуурь, бүжгийн эрдмийн театрын ерөнхий удирдаач Азат Максутов удирдах юм байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Монголд зочилж, УДБЭТ-тай танилцаж байсан энэ эрхэм дахин манай улсад саатаж, симфони найрал хөгжмийг удирдахаар болсон байна.

М.Дөл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж