Ажил-Хөдөлмөр тийм таатай зүйл мөн үү!

Хуучирсан мэдээ: 2012.01.23-нд нийтлэгдсэн

Ажил-Хөдөлмөр тийм таатай зүйл мөн үү!

Ажил-Хөдөлмөр тийм таатай зүйл мөн үү!

(Бэртран Рассэль)
Ажил-хөдөлмөрийн ёс зүй гэдэг бол боолчлолын ёс зүй;
өнөөгийн ертөнцөд боолчлол хэрэггүй.

Бэртран Рассэль

Номон дээрх гарчиг нь “Аз жаргалд хүрэх зам бол ажил хөдөлмөрийг зохион байгуулалттайгаар багасгах явдал мөн” гэсэн байсан бөгөөд үндсэн утга нь ажил-хөдөлмөрийг сохроор шүтсэнээр хүн тааваараа, сул чөлөөтэй, жаргалтай байх явдлаас холддог гэсэн санаа байсан юм. Ийм санааг хэн нэг тэнэг, залхуу хүн биш асар их хөдөлмөрч, Нобелийн шагналт философич хүн хэлсэн юм шүү. Английн философич Бэртран Рассэль аналитик философийг үндэслэж, ХХ зууны философийн хөгжилд маш чухал хувь нэмэр оруулсан бөгөөд 97 хүртэл өндөр наслахдаа хэдэн арван боть бүтээл туурвиж, нийгмийн идэвхт олон талын үйл ажиллагаа явуулсаар байжээ.

Тэрээр ийм хөдөлмөрч, идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг сэтгэгч байсан атлаа хүмүүсийг яагаад бага ажиллах ёстой гэж үзэж байсан бэ? Рассэль Ажилгүй байхыг магтах нь (Praise of Idleness, 1932 он) эссэгээ анх 1932 он буюу 1929 онд Уолл Стритийн сүйрлийг дагалдан гарсан дэлхийн эдийн засгийн хямрал болох Их хямрал ид үргэлжилж байх үед бичжээ. Дэлхийн зарим хэсэгт ажилгүйдэл хөдөлмөрийн чадвартай хүн амын 1/3-ийг хамраад байх үед ажилгүй байхын ашиг тусын тухай бичсэн нь даажигнасан ч юм шиг сэтгэгдэл төрүүлэхүйц байдаг. Гэхдээ Рассэлийн хувьд тэр үеийн эдийн засгийн хаос (эмх замбараагүй) байдал нь ажил-хөдөлмөрт алдаатай, буруу хандаж байсны үр дагавар байсан юм. Үнэндээ тэрээр, ажил хөдөлмөрийн тухай мухар сохроор шүтсэн бидний үзэл бодлын зарим санааг шүүрдэн зайлуулбал зохилтой болохыг үзүүлэв.

Ажил-хөдөлмөр гэж юу вэ?

Рассэль, эхлээд ажил-хөдөлмөр гэж юу болохыг тодорхойлов. Хоёр төрлийн ажил-хөдөлмөр байдаг аж. Нэгд, “газрын хөрсөн дээр юм уу, түүнтэй ойрхон оршиж, бусад материтай холбоотой ямар нэг материйн байр байдлыг хувирган өөрчлөхөд” чиглэсэн ажил. Энэ бол ажил-хөдөлмөрийн үндсэн утга буюу биеийн хүчний хөдөлмөр. Хоёр дахь төрлийн ажил нь “хүмүүст, бусад материтай холбоотой ямар нэг материйн байр байдлыг хэрхэн хувирган өөрчлөхийг хэлж зааварлах” ажил болой. Энэ хоёр дахь төрлийн ажлыг цаашид хязгааргүй үргэлжлүүлж болдог. Зөвхөн та хүмүүсийг хөлсөлж, материйг хөдөлгөж буй хүмүүсийг удирддаггүй. Удирдагчдыг авч ажиллуулах хүн буюу хүмүүсийг хэрхэн хөлслөх талаар зөвлөгөө өгөх хүмүүс гэж бас бий. Рассэлийнхаар нэг дэх төрлийн ажил нь таагүй бөгөөд цалин багатай бол хоёр дахь төрлийн ажил нь илүү сэтгэл татам, өндөр цалин хөлстэй байдаг аж. Энэ хоёр төрлийн ажил нь хоёр төрлийн хөдөлмөрчид буюу ажилчин болон дарга нарыг бий болгоно.

Рассэлийн өгүүлснээр, түүхэнд бүхий л амьдралаа хүнд хүчир ажил хөдөлмөр эрхэлж өнгөрөөдөг, цалин хөлс нь зөвхөн өөрийнх нь болон гэр бүлийнх нь амьд явах хэрэгцээг хангах төдий хүмүүсийн хөдөлмөрлөж бий болгосон нэмүү өртгийг сорон мөлжиж байдаг армийнхан, лам нар гэх мэт ажил хөдөлмөр эрхэлдэггүй хүмүүс их байжээ. Ийм хүмүүс тухайн системээс завшиж байдаг учраас “үнэнч хөдөлмөрийн” ашиг тусыг магтан дуулж, шударга бус системийг ёс суртахууны талаас илт хамгаалж байдаг.

Рассэльд нөлөөлсөн нэг бүтээл бол 1905 онд анх хэвлэгдсэн Макс Вэбэрийн Протестант ёс зүй ба капитализмын оюун санаа юм. Энэ нь ажил-хөдөлмөрт хандах бидний ёс зүйг шүүмжлэлтэй авч үзсэн ном байв. Энэ ном л ажил-хөдөлмөрийн тухай ойлголтыг өөрчлөх ёстой гэсэн Рассэлийн үзэл санааг бүрдүүлжээ. Жишээ нь, Бид ажил-хөдөлмөрийг заавал хийх ёстой зүйл, үүрэг гэж үзэхээс гадна буянт үйл гэж үздэг. Мөн бид биеийн хүчний хөдөлмөрийг, мэргэшсэн эсвэл оюуны хөдөлмөрөөс доогуур үнэлдэг учраас биеийн хүчний хөдөлмөрийн хийж бүтээсэн зүйлийг хардаггүй аж. Бас ажил-хөдөлмөрийг угаасаа сайн зүйл, ажилгүй байх нь нүгэлт зүйл хэмээн үзсээр ирсэн.

Энэ мэтчилэн эргэцүүлэх тусам ажил-хөдөлмөрт хандах бидний хандлага улам бүр ээдрээтэй, ойлгомжгүй болдог. Тэгэхээр яах ёстой юм бэ? Рассэлийн санал болгож буйгаар, ажил-хөдөлмөр бол буянт үйл гэсэн итгэл-бишрэлээс асар их хөнөөл учирдаг, иймд -хөдөлмөрийг эрт үеэс уламжлагдаж ирсэн ёс зүйн үүднээс биш сэтгэл ханамжийн үүднээс авч үзэх ёстой. Ингэж чадвал бид, бага ажиллах ёстой гэсэн дүгнэлтэд хүрнэ. Өдөрт дөрвөн цаг ажиллахад юу нь болохгүй байх билээ хэмээн Рассэль асууж байна. Бидний одоогийн амьдарч буй систем нь хүн амын хамгийн их хөдөлмөрлөж буй хэсэг болон ямар ч ажил-хөдөлмөр эрхэлдэггүй хүмүүс гуйланч байдалд амьдардаг систем болоод байна. Тэгэхээр аль алинд нь ашиггүй систем гэсэн үг.

Чөлөөт цаг, тоглоомын ач холбогдол

Чөлөөт цаг хэмээх зүйл эрх дархтай цөөн хэдэн хүнд оногддог байв. Уг нь чөлөөт цаг хэмээх ойлголт олон талт, утга төгс амьдралын нэг хэсэг юм. Ажлын цагийг багасгаснаар илүү сонирхолтой зүйлд зарцуулах цаг ихэсдэг гэдэг нь Рассэлийн гол санаа. Түүнийхээр “Материйг хөдөлгөх явдал бол хүний амьдралын зорилго биш”. Хэрэв бид бүх цагаа ажил хийж өнгөрөөх юм бол амьдрал бүрэн дүүрэн бус байх болно. Чөлөөт цаг нь хүний амьдралын нэлээд хугацааг эзэлж, тоглоом нь бүтээлч байдлын эх сурвалж болох ёстой. Гэхдээ чөлөөт цаг нь ажилд зарцуулсан “шархаа” нөхөхөөс илүү гарах ёсгүй гэв..

Хоногт дөрвөн цаг ажилласан атлаа чөлөөт цагаараа юу хийхээ мэдэхгүй байгаа хүмүүс л үүнийг эсэргүүцэж болох юм гээд тийм хүмүүсийн өмнөөс харамсмаар гэж Рассэль өгүүлсэн. Хэрэв энэ бүхэн үнэн бол “манай соёл иргэншил” нь үр дүнг шүтэх явдлаар бидний тоглох, зугаацах чадварыг бууруулж байдаг аж. Түүний үзэж байгаагаар, чөлөөт цагийн асуудлыг нухацтай авч үзэж буй нийгэм бол боловсролд нухацтай хандаж буй нийгэм юм. Учир нь, боловсрол гэдэг бол ажлын байранд дадлагажихаас илүүг өгдөг. Мөн урлагийг ч нухацтай авч үздэг, яагаад гэвэл, уран бүтээлчид энд эдийн засгийн бие даасан байдлын төлөө тэмцэхгүй, харин чанартай сайн бүтээл туурвих цагаар хангагдсан байдаг. Энэ нийгэмд зугаа цэнгэл ч жинхэнэ утгаараа боломжтой. Рассэль бүр нухацтай нэг санаа хэлсэн нь, бид ийм нийгэмд дайн хийх сонирхолгүй болно, учир нь дайн гэдэг бол “бүх хүний хувьд урт удаан хугацаанд үргэлжлэх зэрлэг ажил-хөдөлмөр” байдаг билээ.

Ажил-хөдөлмөрт хандах бидний хандлагыг дахин нягтлах тухай Рассэлийн сануулга өнөөдөр ч утгаа алдаагүй байна. Ажлын 7 хоног болон зарим ажлыг нөгөөгөөс нь илүү үнэлэх явдлыг бид “байгалиас заяагдмал” зүйл мэт үзсээр дасчихжээ. Бид хэдийгээр ажил хийхгүй байхыг нүгэл хэмээн үздэг үзлээсээ салж чадахгүй байгаа ч, одоо олон хүн ажил-хөдөлмөр болон чөлөөт цаг маань тийм ч зохистой биш байна хэмээн өөр өнцгөөс харах болж байна. Рассэлийн үзэл санаа, бидэнд ажил-хөдөлмөр хийн өнгөрөөж буй амьдралаа нарийн нягтлан эргэцүүлж, судлахыг сануулаад зогсохгүй амрах, чөлөөт цагтай байх, “назгай байдалд” ч сайн, ашиг тустай зүйл байдгийг анзаарч байхыг сануулдаг. Рассэль “Өнөөг хүртэл бид өмнөх үеийнхэнтэйгээ адил яг л машин шиг асар их эрч хүч гаргасаар байна; бид өнөөг хүртэл тэнэг байжээ, тэгвэл цаашид, үүрд мөнх тэнэг байх шалтгаан алга” гэв.

Энэ мэтчилэн бидний хувьд хэзээ ч халдаж чадахгүй, хөдөлшгүй үнэн гэж үзэж байсан зарчмуудыг тун өөр өнцгөөс маш ул үндэстэй авч үзсэн байна. Хамгийн жирийн жишээ авъя л даа, хүн төрөлхтөн гэмт хэрэг хийсэн хүнийг, аав ээжүүд буруу зүйл хийсэн хүүхдээ ажил-хөдөлмөр хийлгэж шийтгэдэг (“хөдөлмөрөөр засан хүмүүжүүлэх колони” ч гэх шиг). Хамгийн ариун зүйлээ шийтгэлийн нэг хэлбэр болгож байгаа юм уу?! Бид аман дээрээ ажил-хөдөлмөрийн ач тус, сайн сайхныг магтан дуулах боловч ачир дээрээ бүгд л түүнээс зайлсхийх хандлагатай  байдаг. Тэр тусмаа үр дүнгээ өгөхгүй хөдөлмөр шиг залхмаар зүйл хаана байх билээ. Бидний өмнө нь амьдарч байсан социализм хэмээх нийгмийн байгууллын харгис тал ердөө үүнд л байсан юм. Учир нь ухаалаг, авьяаслаг, хөдөлмөрч хүн баяжих бололцоо байхгүй, түүний хөдөлмөрийн үр дүнг тэгшитгэн хуваарилчихдаг байсан. Ийм нийгэмд залхуу, хойрго, бүтээлч бус хүмүүс нь авьяаслаг, ухаантай, бүтээлч нэгнээ мөлжиж амьдардаг.

Одоо Рассэлийн санаатай утга нэг бүтээлүүд нэлээд гарч, практик хөдөлгөөн ч өрнөх болжээ. Ажлын цагийг “багасгах” хөдөлгөөн 1990-ээд оноос гарав. 2005 онд “Ди Идлэр” (“The Idler”) сэтгүүлийн эрхлэгч Том Ходкинсон чөлөөт цагийн ашиг тусын тухай Хэрхэн чөлөөтэй байх вэ? номоо хэвлүүллээ. 2009 онд Английн философич Алайн дэ Боттон Сэтгэл ханамж ба ажлын уйтгарт тал номондоо ажил хийж өнгөрүүлдэг амьдралыг өөр өнцгөөс авч үзсэн байдаг.

АМЬДРАЛ УТГАГҮЙ БАЙСАН БОЛ ИЛҮҮ ДЭЭР БАЙХ САН

(Альбэрт Камю)

Өмнөх өгүүлэлд өгүүлснээр, амьдралыг утгагүй болгодог хамгийн гол хүчин зүйлийн тоонд “үр дүнгүй хөдөлмөр” орно. Ийм хөдөлмөр хийхээр залхаагдсан нэгний тухай эртний Грекийн домгоос үндэслэн амьдрал утгагүй болохыг харуулсан сургаалыг Камю гаргасан байдаг (Гэхдээ энд бяцхан тайлбар хийхэд англи номон дээрх энэ гарчгийг зохиогчид нь өгсөн юм). Домогт өгүүлснээр Коринф хэмээх эртний Грекийн хот-улсын хаан Сизиф, бурхадтай муудалцсаны улмаас асар том чулууг уулын бэлээс оройд нь алхам алхмаар өнхрүүлэн гаргах ялаар шийтгэгдсэн аж. Тэгээд уулын оройд чулууг арайхийж гаргахад л бэл уруу нь буцаж өнхрөн унана. Дахиад л гаргана. Буцаад л доош унана. Мөнхөд ийм үр дүнгүй ажил хийхээр шийтгэгдсэн. Камюгийн бодож буйгаар, Сизиф энэ ажил-хөдөлмөрийн утгагүйг хүлээн зөвшөөрөх юм бол эрх чөлөөг олж авна.

Үнэхээр насан турш ажил хийнэ, ямар нэг юм мөрөөднө, түүнийхээ төлөө хөдөлмөрлөнө, насны эцэст ямар ч үр дүн гардаггүй, мөрөөдөл нь биеллээ гэхэд ямар нэг дорвитой өөрчлөлт гараагүй байх юм бол насан туршийн хөдөлмөрийн утга юунд орших билээ. Амьдрал ер нь ямагт ийм байдаг юм биш үү? Үхэн үхтлээ мөрөөднө, түүнийхээ төлөө янз бүрийн арга хэрэглэнэ, ажиллана, тэгээд юу болох билээ. Амьдрал, амьдрал чигээрээ л үлддэг. Экзистенциализмын үндэс болсон ийм санааг нэлээн тодорхой илэрхийлж байсан хүн бол Данийн философич Серен Кьеркогэр (1813-)1855 юм. Тэр Айдас ба жихүүдэс номондоо утгагүйн тухай санааг хөндсөн байдаг. Фридрих Ницше ч яг ийм санааг Эрх мэдэлд хүрэх эрмэлзэл номондоо хэлжээ: “бидний оршихуйд утга байдаггүй”.

Зарим хүн философийн зорилго бол амьдралын утга учрыг эрэн хайх явдал гэж боддог. Тэгвэл Альберт Камю амьдрал угаасаа утгагүй гэдгийг философи хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэв. Бидний хийж буй зүйлийн ихэнх нь утгатай юм шиг байдгийг тэр хүлээн зөвшөөрсөн боловч түүний хэлээд буй санаа цаагуураа их нарийн байдаг. Нэг талаас, хэрэв амьдрал утгатай юм бол бидний амьдралд хэн ч тусалж чадахгүй тийм ухамсарт оршихуй бол бид өөрсдөө юм. Нөгөө талаас, энэ утга ертөнцөд биш бидний оюун ухаанд оршдог аж. Ертөнцөд утга үгүй, зорилго ч үгүй, байгаа нь энэ.

Камюгийн хувьд “утгагүй” (абсурд) гэдэг бол бид амьдралд утга өгдөг, тэр нь бидний ухамсраас гадна оршдоггүй гэдгийг хүлээн зөвшөөрснөөс үүсэлтэй мэдрэмж юм. Энэ нь амьдралын утгын тухай бидний ойлголт, ертөнц бүхэлдээ утгагүй гэсэн бидний мэдлэг хоёрын дундаас үүссэн зөрчлийн үр дүн болно. Амьдралын утгагүй нь ухамсрын мөн чанарт байдаг, учир нь бид амьдралыг хэчнээн нухацтай хүлээн авлаа ч түүнийг эргэлзээнд оруулдаг зарим нэг үзэл онол байдаг гэдгийг бид мэддэг хэмээн хэлж байсан Томас Нагел дээрх үзэл санааг цааш хөгжүүлсэн юм.

Dorling Kindersley-гээс гаргасан Философи номыг монгол хэлнээ хөрвүүлсэнтэй холбоотой цуврал дөрвөн өгүүлэл үүгээр төгсөж байна. Өгүүллийг тэрлэгчийн хувьд зориуд нэлээд хачирхалтай бас сонирхолтой санаа гаргасан философичдоос цөөн хэдэн хүнийг сонгож өгүүлсэн нь энэ. Зарим хөнгөн хуумгай уншигчийн хувьд “өөрөөс нь дутуу” сэтгэсэн мэт санагдаж магадгүй. Тийм сэтгэгдэл худал гэдгийг ухварлах аваас та танин мэдэхүйн хувьд нэг том алхам хийж буй хэрэг болно. Хэдэн зууны тэртээ Италийн их хүмүүнлэг үзэлтэн Франчиско Петрарка “ном нь зарим хүнийг эрдэмд, зарим хүнийг солиоролд хөтөлдөг” гэсэн нь бий. Үүнчлэн энэ номтой танилцсан ухаалаг нэгэн улам эрдэмтэй болох бол ухвар мөчид нэг нь улам тэнэглэх бололцоо байгааг үгүйсгэхгүй. Ном уншаад буруу ойлгодог, өөрийнхөөрөө тайлбарлан хадуураад явчихдаг хүмүүс Петраркагийн үед ч байсан, одоо ч байгаа билээ.

Философийн ухааны доктор Б.Батчулуун
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж