Нийслэлийн удирдлагууд шуурхай хуралдав

Хуучирсан мэдээ: 2012.01.23-нд нийтлэгдсэн

Нийслэлийн удирдлагууд шуурхай хуралдав

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр боллоо.  Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч.Бат нөөцийн махны талаар мэдээлэл хийв.  Нөөцийн мах худалдаанд гаргаснаас хойш долоо хоногийн хугацаанд 316 тн мах борлуулсан байна.  Зах зээлийн үнээс 1300-1500 төгрөгөөр хямд,  тэгсэн атлаа өөх мах нь алагласан сайн чанарын мах байгаа нь иргэдийн сэтгэлд нийцэж буй юм байна.  Нийслэлийн  хэмжээнд 319 хүнсний дэлгүүрт нөөцийн мах борлуулахаас 202 дэлгүүрийн үйл ажиллагаа жигдэрчээ.  Үлдсэн нь гэрээгээ  байгуулж нөөцийн махаа аваагүй байгааг ерөнхий менежер дүүргийн удирдлагуудад анхаарууллаа. Сүүлийн үед хөдөө орон нутгаас  орж ирэх махны нийлүүлэлт бага байна. Энэ нь үнэ нэмэгдэх хүчин зүйл болж болзошгүй.  Иймд энэ долоо сүүлчээр махны өргөтгөсөн худалдааг дүүрэг бүрт зохион байгуулна. Түүнчлэн цагаан сарын өмнө өргөтгөсөн худалдааг дахин зохион байгуулж махны үнэнд интервенц хийх талаараа танилцуулав. Ингэхдээ жижиглэнгээр биш гулуузаар нь худалдах бодлого баримтлах юм байна. 

2012 оныг Иргэдийн оролцоо, өрхийн хөгжлийг дэмжих жил болгон нийслэлээс зарлаад байгаа юм. Хотын ерөнхий менежер Ч.Бат уг ажлын хэсгийг ахална. Тэрбээр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих өнгөрсөн жилийн ажилд нийслэл хот  амжилт гаргаж нэгдүгээр байрт шалгарсан. Энэ жил энэхүү амжилтаа давтах учиртайг онцоллоо. Иргэдийн оролцоог нэмэгдүүлж өрхийн хөгжлийг дэмжснээр айл бүр орлоготой болох ёстой.  Нийслэлийн харьяа газрууд хотоос гаргасан төлөвлөгөөнд саналаа өгөхийг хүслээ.

Өнөөдрийн шуурхай хуралдаанд Нийслэлийн бүртгэлийн газрын дарга Г.Анхныбаяр цахим үнэмлэхтэй холбоотой мэдээлэл өгөв. Одоогийн байдлаар 16 наснаас дээш 816 мянган иргэн шинэчилсэн бүртгэлд хамрагдсан байна. Энэ арга хэмжээнд хөдөө орон нутгаас нийслэлд ирж суралцаж буй оюутан, хугацаат цэргийн албан хаагч, гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэд бүгд хамрагдсан гэв. Үр дүнд нь нийгмийн халамжийн чиглэлээр олгож буй тэтгэмж тэтгэлэг олгох иргэдийн тоог гаргаснаас гадна цахим үнэмлэх олгох бааз суурь бүрдсэн байна. Мөн иргэний бичиг баримтын зөрчил арилгах бололцоо нээгджээ. Улсын хэмжээнд 600 мянган бичиг баримтын зөрчил илрүүлсний тал хувь нь нийслэлийн харьяат иргэдийн бичиг баримтын зөрчил байжээ.

Ирэх 2 дугаар сарын эхээр хэвлэлтээс гаргах цахим үнэмлэх олон улсын стандартад нийцсэн байна. Монгол Улсын төрийн билэг тэмдэг, далбаа, соёмбо, газрын зураг зэргийг байршуулсаны зэрэгцээ гал, нар, сарыг дүрсэлсэнээрээ онцлогтой аж. Шинэ иргэний үнэмлэхний нууцлал өндөр гэж байв. Цахим үнэмлэх дээр байрлуулсан чип дээр тухайн хүнтэй холбоотой мэдээллийн санг /овог, нэр, оршин суух хаяг, г.м/ байршуулж өгсөн байна. Эхний удаад тус үнэмлэхийг хороогоор дамжуулан иргэдэд үнэгүй олгох юм байна. Харин үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн тохиолдолд дахин олгоход 10 мянган төгрөг төлж авна гэж байв.  Хуучин үнэмлэх дээр хаягийн бүртгэл хийлгэхэд үнэмлэх дээр нь шинэ хаягийг нь наадаг байсан. Тэгвэл шинэ цахим үнэмлэхний тухайд шилжилт хөдөлгөөн хийх тоолондоо шинэ үнэмлэх авч байна. Нэг үгээр хэлбэл бүртгэлийн газрын ачаалал нэмэгдэх нь байна.

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж