Озэки Баруто дээд зиндаанд анх удаа түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.01.23-нд нийтлэгдсэн

Озэки Баруто дээд зиндаанд анх удаа түрүүлэв

Японы мэргэжлийн сумо бөхийн хацү башё өчигдөр Токио хотноо өндөрлөж, Эстонийн озэки Баруто 2012 оны тэргүүн башёгийн түрүү бөхөөр тодорлоо. Башёгийн 15 дахь өдрийн барилдаан хүртэл 100 хувийн амжилтаар тэргүүлж байсан тэрбээр сүүлийн өдөр ёкозуна Хакухотой барилдаж, ёрикири мэхээр дийлдсэнээр 14-1 гэсэн амжилтаар хацү башёд тэргүүлэв. Хамгийн сүүлд 2007 оны зуны башёд Хакухо М.Даваажаргал озэки цолтойдоо 15 даваатай түрүүлж байснаас хойш тийм хэмжээний амжилт гаргасан сумоч үгүй. Харин Баруто сүүлийн өдөр их аваргыг давсан бол дээрх амжилтын эзэн болох байлаа. Их аварга Хакухогийн тухайд 12 даваа, гурван унаатай башёг өндөрлүүлсэн.  Озэки Баруто башёгийн дараа сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Эцсийн мөч хүртэл би хичээсэн. Ирэх башёд би бүхнээ дайчлах болно” гэжээ.

Токио хотын Кокугикан ордонд цугласан үзэгчдийн дунд Барутогийн эхнэр болон ээж нь түүнийг дэмжиж суусан. 2004 онд Японд хөл тавьсан тэрбээр Японы мэргэжлийн сумогийн макүүчи буюу дээд зиндаанд түрүүлсэн гадаадын ес дэх, харин Европ тивийн хоёр дахь сумоч болж байна. Өмнө нь Болгарын озэки Котоошю макүүчи зиндаанд түрүүлж байсан билээ.

Макүүчи зиндаанд зодоглосон Монголын бусад сумочдын тухайд озэки Харумафүжи Д.Бямбадорж, Токитэнкү А.Хүчитбаатар нар 11 даваа, дөрвөн унаа, Какурюү М.Ананд 10-5, Кёкүтэнхо Н.Цэвэгням, Асасэкирюү Б.Дашням нар 9-6, харин дээд зиндаанд анх удаа дэвшин барилдсан Кёкүшюхо Т.Эрдэнэбаатар 3-12 гэсэн амжилтаар хацү башёг өндөрлүүлэв.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж