
Тогтвортой байдлын гэрээг 30 хүртэл жилээр хийдэг бөгөөд цаашид 10,30 жилээр сунгах боломжтой байдгийг ийнхүү 70 жилийн гэрээ хийж байна гэж гэсэн шуугиан дэгдсэн бололтой юм. Магадгүй тэд энэхүү гэрээгээ 70 жилээр сунгах хэтийн хүсэл, төлөвлөгөөтэй ч байж болно. Гэхдээ яагаад, магадгүй ямар арын хаалга, атгаг санаагаар ийм гэрээ нууцаар шахам хийв гэх хардлага төрүүлж байсан асуудал газар нь дээр нь очоод хийсэн бүтээснийг нь харж, хэлсэн тайлбарыг сонсоход эргэмээр. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Өмнөговь аймагт ажиллаж, Тавантолгой, Оюутолгойд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн ажилтай газар дээр нь танилцах үеэр энэхүү тайлбарыг хийсэн хэрэг. Уг нь Ерөнхийлөгч 19-ний пүрэв гаригт Тавантолгойд олборлолт хийж байгаа орон нутаг хийгээд хувийн хэвшлийн оролцоотой “Тавантолгой” ХК буюу олны нэршиж заншсанаар жижиг Тавантолгой, төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой”, хувийн өмчит “Энержи ресурс” компанийн ажилтай танилцсан.
Хүн гэдэг сониуч бөгөөд хардамтгай. Тэр тусмаа сэтгүүлчид олны олж сонсоогүй эсвэл хамгийн их сонирхлыг нь татаж байгаа мэдээлэл бүхнийг л хүргэх хүсэлтэй, үүрэгтэй. Тиймээс мундахгүй олон мэдээлэл буцалж, ар араасаа шахсан олон арга хэмжээтэй байсан гурван өдрийн томилолтын сурвалжлагаа 70 жилийн гэрээ гэх дуулиантай мэдээллээс эхэлсэн хэрэг. Монголын байтугай дэлхийн анхаарлыг татаж байгаа Тавантолгой, Оюутолгойд үйл ажиллагаа явуулж байгаа дөрвөн компанитай танилцаж, Цогтцэций, Ханбогд болон Даланзадгадын иргэдтэй товлосон цагаас байнга л хэтэрсэн халуухан уулзалт хийсэн гээд гурван өдрийн аяны богцод мэдээж хэрэг чамгүй их олз байгаа. Ярьсан хэлэгдсэн болгоныг нэг бүрчлэн өгүүлэхэд бэрхшээлтэй учраас хамгийн содон, сонин бөгөөд хэрэгтэй мэдээллүүдийг цуврал сурвалжлагаараа хүргэхийг зорьсуу.
Тавантолгой хэмээх ерөнхий нэртэй ордод ажиллаж байгаа гурван компанийн эзэмшлийн бүсийг газрын зураг дээрээс харахад илүү ойлгомжтой. Зүүн, баруун Цанх, Бор тээг, Шар тээг гээд тус, тусдаа лицензтэй асар уудам газрыг төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” эзэмшинэ. Үүний зүүн дээхнэ талд байрлах Тавантолгойн газар нутгийн бол 4 хувийг л эзлэх Ухаахудаг “Энержи ресурс”-ийнх. Том Тавантолгойн эзэмшлийн яг голд нь зурагт бол жижигхэнээр харагдах хоёр “өөр өнгөтэй” талбайд орон нутгийн “Тавантолгой”, Хятадын хөрөнгө оруулалттай “Дайчуки” компанийн уурхай байрлана.
Жижиг Тавантолгойнхны хувьд уурхайн овоолго, ухсан нүхний дэргэд салхи исгэрсэн жавар дор товч танилцуулга хийснээр “аялал” өндөрлөсөн. Мөн л уурхайн овоолго тэргүүтнээ үзүүлж, кэмпдээ зочлуулсан “Эрдэнэс Тавантолгой” ердөө л өнгөрсөн жилийн наймдугаар сараас ажлаа эхлүүлсний хувьд ирээдүй хэтэд хийх ажлынх нь танилцуулга голлосон гэхэд болно. Гэхдээ монголчуудын итгэл найдвар болоод байгаа дэлхийн энтэй асар том уурхайн ашиглалтыг эхлүүлж байгаа гэдэг утгаараа эдний талаарх мэдээлэл хамгийн ач холбогдолтой нь мэдээж. Хувийн хэвшлийн уурхайд өөрсдийнхөө мөнгөөр юугаа хийх нь мань мэтэд төдийлөн падлий үгүй. Байгаль дэлхийг хорлож, иргэдийн болоод улс орны эрх ашигт муугаар нөлөөлөхөөр л бол шүү дээ. Гэхдээ л хоёр жилийн өмнө үйл ажиллагаагаа эхлүүлсэн гэхэд “Энержи ресурс” аль хэдийнэ эхний баяжуулах үйлдвэрээ байгуулчихсан, одоо хоёрдахь нь бараг л бэлэн, дараа нь гурав дахь үйлдвэрээ бас байгуулах гэнэ. Энд жилдээ таван сая тонн нүүрс баяжуулах юм байна. Өнгөрсөн жилийн наймдугаар сараас хойш “Эрдэнэс Тавантолгой” нэг сая тонн нүүрс олборлоод байгаа гэж дээр дурдсан тоотой жишиж үзэхэд ямархуу хэмжээний үйлдвэр болох нь ойлгогдох биз.
Ердийн хүний ойлгосноор тайлбарлахад олборлосон нүүрсийг асар урт конвейрээр дамжуулан тодорхой хэмжээнд бутлан аварга үйлдвэртээ оруулан түүнийгээ 2-3 төрлөөр угааж баяжуулна. Үйлдвэрээс гарч байгаа асар том гурван хоолойгоор нүүрс тургиж байгаа нь эхнийх нь ердийн эрчим хүчний, дараагийнх нь коксжих, дараагийнх нь илүү өндөр “бүтэц” бүхий нүүрс гэж ойлгогдов. Коксжих нүүрсийг л гэхэд ингэж хоёр төрлөөр нарийвчилж байгаа учраас үүнийг нүүрс угаах гэж ойлгох нь учир дутагдалтай, баяжуулах гэх нь илүү оновчтой гэж газар дээр нь ажиллаж байгаа инженер залуу тайлбарлав. Энд мэдээж хэрэг олон тоон үзүүлэлтийг тайлбарласан. Гэхдээ жирийн л үзэгчийн хувиар ойлгосноо уншигчиддаа бас хялбаршуулан хүргэх нь арай ойлгомжтой байх болов уу гэж ерөнхийлсөн хэрэг л дээ. Ердийн нүдээр харсан, харагдсанаа харьцуулахад жижиг Тавантолгой хийгээд “Энержи ресурс” хооронд тэс ондоо хоёр өнгө харагдана. Жил гаруйхны өмнө “Энержи ресурс”-д ирж байхад халуу дүүгтэл галласан их гэрт сэтгүүлчдийг хүлээж авангаа анх ажлаа эхлүүлэх гээд Ухаахудагт ирэхдээ гэрээ галлах нүүрсээ хөрш уурхайгаасаа худалдаж авч байснаа тэднийхэн хошигнон ярьж байсан. Харин одоо ажилчдын байраа аль хэдийнэ бариад дууссан бүжиглэн ойх усан оргилууруудын дэргэд таавараа амарч сууна. Ийм талбай байгаагүйсэн бол өвлийн жаварт ажилчид өөр өөрсдийнхөө өрөөнд бүгэн суухаас ч өөр аргагүй болох байсан байх даа гэж бодогдоно. Тэд зөвхөн кэмпдээ л ажилчдын байр бэлтгэсэнгүй. Цогтцэций сумын төвд хэдэн эрээн гоёмсог байшин өнгө нэмэн харагдана. Энэ бол “Энержи ресурс”-ийн орон сууцны хотхон. Таван давхар байрныхаа нэг давхарт нь хүүхдүүдийн сургууль цэцэрлэгийг ч байгуулж, бүр нийслэлийн ямар ч өндөр төлбөртэй хувийн сургуулиас ч илүү тохижилттой. Эрээн алаг цэцэг, үлгэрийн баатрууд зурсан тайзнаасаа шал хүртэл үргэлжлэх шилэн цонхны цаанаас бяцхан багачууд Ерөнхийлөгчтэй цуг ирсэн ах эгч нар руу гар даллан мэндчилж, цонхны шилэнд хамраа наан шалчийлгаж, дүрсгүйтэж байгаа харагдсан. Харин жижиг Тавантолгойн хувьд зам зуур бөртөлзөөд өнгөрсөн жижиг сууринд ажилчид нь амьдардаг гэсэн. Ердийн гэр хороолол, жижиг байшингууд харагдсан, компаниас нь санаа тавьж, тохижуулсан зүйл байдаг юм уу үгүй юу, мэдсэнгүй. Нутгийн иргэдийн ярих нь аймгийнхандаа нутгийн хишиг гэдэг зүйл өгдөг гэдгээс өөр зүйл сонсоогүй, үзээгүй гэх. За яахав дээ, бас нутгийн хишиг тарааж л байна. Өөр бүтээн байгуулалтын зүйл л лав сонссонгүй.
Гэхдээ ч бас “Эрдэнэс Тавантолгой” компанийг байгуулах шийдвэр 2010 оны арванхоёрдугаар сард гарсан гэхэд өнгөрсөн жил буюу 2011 оны наймдугаар сарын 4-нд эхний бүтээгдэхүүнээ экспортод гаргасан. Эдүгээ нэг сая тонн нүүрс олборлоод, эхнээс нь экспортод гаргаад байгаа нь сайн мэдээ бөгөөд бас чамлахааргүй амжилт. Өмнийн говийн уул уурхайн ерөнхий өнгийг тодорхойлох цаашилбал, улс орны эдийн засаг, хөгжил дэвшилд чухал үүрэг гүйцэтгэх компанийн хувьд зам харгуй, дэд бүтэц, уялдаа холбоо гээд олон асуудал илүү хурцаар тавигдана. Басхүү тэр бүхэн нь төрийн албадын үйл ажиллагаа, бодлоготой ч байнга уялдана. Тухайлбал, 2009 онд хоёр жилийн дараа гэхэд ажлаа эхлүүлчихсэн байна гэж Ерөнхийлөгчид амлаж байсан төмөр замын ажлын нэхэл хатуу асуултын хариуг “Эрдэнэс Тавантолгой”-н кэмп дээр төрийн албан тушаалтан буюу Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ хариулах гэж оролдов. Түүний хэлснээр бол 55 сая ам.доллараар зураг төслийн ажлыг эхлүүлэх юм байна. Цаашилбал, ТЭЗҮ, зураг төслийн ажлыг 250 сая ам.долларт багтааж хийгээд, таван тэрбум ам.доллароор олон жил бодлогын төвшинд яригдаж байгаа Сайншандаар дайрах төмөр замыг барьж байгуулж дуусах юм байна. Эндээс бас өөрөө 100 сая ам.долларын дүрмийн сантай, одоо дөнгөж төмөр замд зориулах гурван сая ам.долларыг зэхэж амжаад байгаа Хөгжлийн банк үүнийг хүчрэх үү гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Албаны хүмүүс бол “амжина” л гэж бодож байгаа юм шиг байна лээ. Гэтэл хажуухантайх “Энержи ресурс”-ийнхэн Гашуун сухайтаар гарах төмөр замынхаа ТЭЗҮ, зураг төслийг 10 гаруй сая ам.доллараар базааж дуусгажээ.
Хэдийгээр “Энержи ресурс”-ийнх шууд урагш чиглэх төмөр зам 260 орчим км, Сайншандад байгуулагдах ёстой Аж үйлдвэрийн паркийг түүхий эдээр хангах, гадагш олон гарцтай байх, Монголдоо нэмүү өртгийг авч үлдэх зорилготой алсуур даяалж тавих, өргөн цар хүрээтэй 2100 км төмөр зам, газрын урт болоод бодлогын өргөн далайцтай гэдгээрээ ондоо ч зөвхөн зураг төсөл хийхэд зарцуулах гэж байгаа хөрөнгө хийгээд одоо явж байгаа ажлынх нь хурдыг харьцуулахад арай л өөр хоёр дүр зураг харагдана. Мэргэжлийн хүмүүс ч гэсэн “Зөвхөн зураг төслийн ажлыг эхлүүлэхэд л 55 сая ам.доллар гэдэг арай ч хэтэрнэ ээ” гэж шивнэлдэх сонсогдоно. Нэг газар бөөр нийлүүлэн хөршилсөн гурван уурхайн ажлыг харахад ч гурван өөр дүр төрх яалт ч үгүй ялгараад байх шиг. Төрийн болон орон нутгийн бас хувийн хэвшлийн гэсэн. Төрийн ажил ерөнхийдөө л удаан бөгөөд үрэлгэн байдаг гэдэг. Гэхдээ “Эрдэнэс Тавантолгой”-нхон хичээж, чармайж л байгаа, хэтдээ хийх ажил ч их. Хамгийн гол нь төрийн ажлын бодлого шийдвэрээс тэдний ажил ихээхэн шалтгаалах нь анзаарагдах. Зөвхөн худалдаж борлуулж байгаа бүтээгдэхүүний үнээс энэ ялгааг бас харж болно. “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Б.Энэбишийн танилцуулснаар бол,
“Эрдэнэс Тавантолгой”-90 ам.доллар
“Энержи ресурс”-150-165 ам.долларын үнэд хүргэж байгаа. Мэдээж хэрэг энд хэддүгээр давхаргын ямар нүүрс гэх мэтчилэнгийн нүүрсний чанар, мөн ямар арга технологиор олборлож, ямар замаар тээвэрлэж байгаа гэхчилэн бүтээгдэхүүнийх нь өөрийн өртөг чанар гэх мэтчилэн өөр өөр хүчин зүйлүүд байгаа. Гэхдээ л “хүний хүүхдүүд” болохоор өөрсдийнхөө хөрөнгөөр баяжуулах үйлдвэрээ бариад, хатуу хучилттай зам тавьж нүүрсээ аль болох боловсруулж, бас өөрийн өртгийг нь бууруулж, үнэд хүргэх гэж чармайж байдаг. Харин “орон нутгийн” хүүхдүүд болохоор гол олборлолт 1997 оноос хойш /өмнө нь орон нутгийн эрчим хүчийг хангах маягтайгаар ажиллаж байсан/ эхэлсэн гэх мөртлөө шат ахисан гэхээр зүйл алга. Магадгүй танилцуулж амжаагүй ч байж болох л доо. Гэхдээ л жижиг Тавантолгой төдийгөөс өдий хүртэл шороон замаар түйрэн хадаан давхидаг, хятадууд газар дээр нь ирж нүүрсийг нь ачаад явдгаас биш, орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх талаар ердөө ч анхаардаггүй гэх шүүмжлэл сонсогдсон хэвээрээ.
“Эрдэнэс Тавантолгой”-н хувьд хийх ажил дөнгөж эхэлж байгаа гэж дээр өгүүлсэн. Б.Энэбиш захирал “Энержи ресурс”-ийн ажил хоёр жилээр түрүүлээд л яваад байгаа юм л даа гэж санаашрангуй хэлж байсан. Аргагүй олборлолтын ажил нь ч төдий өмнөөс эхэлсэн болохоор. Гэхдээ Б.Энэбиш захирал “Энержи ресурс”-ийнхээс ч илүү кэмп, үйлдвэр байгуулна гэж нэгтээ амлаж байсан. Ёсоор болох болтугай гэж ерөөе.
Зам, зам, зам…
Нэг дор байрлах гурван компанийн талаар товчхон танилцуулахад иймэрхүү. Гэхдээ тэдний хувьд хатуу хучилттай болон төмөр зам, эрчим хүч, ус хангамж гээд нийтлэг гэмээр олон асуудал бий. Одоогоор “Энержи ресурс” 245 км хатуу хучилттай зам тавиад байгаа. “Эрдэнэс Тавантолгой” ч мөн зам тавина гэж байгаа. Цаашилбал, зэргэлдээх Ханбогд суманд үйл ажиллагаа явуулж байгаа Оюутолгойнхон ч бас замын асуудлаа шийдэх ёстой.
Жил гаруйхны өмнө мөн л Өмнийн говиор сурвалжлагаар явахад зам гэж тамын тухай яригдаж л байсан. Нисэх онгоцны цонхоор харахад энгүй их талд аварга могойн сүүл мэт тоост зам махирлаж, тахирлаж харагдана. Дээрээс харахад тоос босгогч машинууд буюу “Зил 130” хажууд нь хүүхдийн тоглоом шиг харагдах 100 тоннын даацтай том тэрэгнүүд ч харагдахгүй гээд бодохоор ямархуу хэмжээний түйрэн гэдгийг тухайлахад хялбархан. Хүн амьтан бүү хэл чулуу ч тэсэхээргүй түйрэнт газар гэж хэн хүнгүй л ярилцдаг. Хүнд даацын хэдэн арваар тогтохгүй машин /зөвхөн Цагаанмодны боомтоор л гэхэд өдөрт 100 гаруй машин гардаг гэж тухайн үед танилцуулж байсан. сурв/ дур дураараа салаа замаар давхилдан газрын хөрс зэрэмдэглэх гэж хэлэхэд ч хатуудам болсон гэдэг. Харамсалтай нь өнөөдөр ч энэ дүр зураг нэг их өөрчлөгдөөгүй байх. Оргүйгээс охинтой нь гэгчээр “Энержи ресурс” хатуу хучилттай зам тавиад байгаа гэж дээр дурдсан. Гэхдээ л орон нутгийнхан үүнийг хэтэрхий нарийнхан бас өөрийнхөөсөө бусад машиныг явуулдаггүй гэж шүүмжилж л байсан. Даланзадгадад болсон иргэдийн уулзалтын үеэр нутгийн нэгэн “Нийслэл хот, өөр бусад аймгуудад зам ашигласны төлбөр нийлээд л 500-3000 төгрөг бол “Энержи ресурс”-ийн замаар явахад 16-300 мянган төгрөгний төлбөр шаарддаг” гэж гомдоллож байв. Төрийн бус өөрийнхөө мөнгөөр зам тавьсан юм чинь тодорхой хэмжээний төлбөр нэхэлгүй л яахав. Гэхдээ одоо дахиад тавина гэж байгаа замыг одоо цорын ганц байгаа замтайгаа хэрхэн уялдуулах вэ? Цаашилбал олон жил яригдаж байгаа төмөр зам хэзээ мөрөөдөл биш биелэл болох вэ гэсэн олон асуудал байгаа. Энэ болон бусад, тухайлбал Оюутолгойн талаар хийгээд Ханбогд, Цогтцэций, Даланзадгад болсон иргэдийн уулзалт, орон нутгийн сонин хачны талаар дараагийн дугаарт дэлгэрэнгүй өгүүлэх болно.
А.АЛТАНТУЯА
