“Ромын эзэн хаан” Тотти

Хуучирсан мэдээ: 2012.01.23-нд нийтлэгдсэн

“Ромын эзэн хаан” Тотти

Түүнийг эзэн хаан гэхээсээ илүүтэй “Рома” багийн бэлгэ тэмдэг гэж нэрлэх нь бий. Үүнийг AC Милан”-ы эзэн, Италийн ерөнхий сайд Сильвио Берлусконийн яриа  бат­лаж болох юм.

-Италийн “AC Рома” багийн шилдэг мэргэн бууч Франческо Тоттиг мэдэхгүй хүн байхгүй биз ээ. Зарим хөгжөөн дэмжигч, том багийн эзэд түүнийг багтаа тоглуулахыг хүс­­­дэг ч бэлгэ тэмдгүүдийг хэзээ ч худалдаж авдаггүй гэдгийг мэдэх хэрэг­­­тэй” гэж ярилцлага өгсөн байдаг.

Хөлбөмбөгийн хөгжөөн дэмжиг­чид­ түүнийг гоол оруулсныхаа бая­­­­­­­раа эрхий хуруугаа хөхөж буй байд­­­лаар харуулан тэмдэглэдэг. Үүний­­­гээ хүүгээ өхөөрдсөндөө л тэг­дэг юм аа гэдэг. Дэлхийн хамгийн алдар­­­тай хөлбөмбөгийн багийн мөрөө­­дөл болдог, хуруугаа “хөхдөг”  хөлбөм­­­бөгч өнгөрсөн бямба гаригийн үдэш нэгэн гайхалтай амжилтыг шинэчлэн тогтоолоо. Энэ нь Италийн “Сери А”-гийн аварга шалгаруулах тэм­цээний түүхэнд нэг багийн төлөө хам­­гийн олон гоол оруулсан хөлбөм­­­­бөгч болсон явдал юм. Түүнээс өмнө “Милан”-ы Гуннар Нордаль 220 гоол нэг багийн төлөө оруулсан нь 50 жилийн турш дээд амжилтад тооцогдож байлаа. Тотти түүнийг 221 болгон, чадсан. Хойшид энэ тоо хэд болохыг хэн мэдлээ. 

Орчин үеийн Итали орны нийслэл Ром хот “Тоттигоор амьсгалдаг” гэж улсынх нь хэвлэл мэдээллээр бахархан бичдэг. 1998 онд Швейцарийн шигшээ багийн эсрэг тоглолтод 20 дугаартай тоглож, төрөлх улсынхаа төлөө хүчин зүтгэж эхэлсэн Тоттиг арван гуравхан настайд нь /1989 он/ өнөөх Берлускони “AC Милан” багтаа тоглох санал тавьсанд ирээдүйн “Ромын эзэн/ хаан” маань татгалзсан хариу өгчээ.

Гэвч энэ Тоттигийн санаа, хүсэл, бодол байгаагүй юм. Бага насны хүүхдүүд эцэг эхийнхээ хараа хяналтад байдаг болоод ч тэр үү, ээж Фиорелла нь “AC Рома” багтай гэрээ хийх нь илүү үнэ цэнэтэй хэмээн зөвлөж, бас ятгаснаар “Мөнхийн хот”-ын “бэлгэ тэмдэг” болох алхмаа хийх нь тэр. Ромд төрж өссөн хүүгээ “мөнхийн хот”-доо “мөнхрөх”-ийг хүссэн эхийн сэтгэл зөв байж. Бас домогт Пауло Малдини “Милан”-д ид гялалзаж, нэр алдраа дуурсгаж байхад нэр хүндэд нь дарагдах хэрэг Тоттид огтхон ч хэрэггүй байв. Үе тэнгийнхэн нь хүүхэлдэйн кино үзэж, цагийг үр дүнгүй өнгө­рөөж байхад хөлбөмбөгийн төлөө бүхнээ умартаж, шүтээн Жузеппе Жаннини­гийнхаа дугаартай өмсгөлийг өмсч, өөрөөсөө ах хүүхдүүдтэй тоглодог байсан Тотти өсвөрийн “AC Рома” багт ийнхүү элсэн орсон юм.

1993 оны гуравдугаар сарын 28-нд 16 настайдаа Италийн “Сери А”-д хөл тавьсан Тоттигийн бөмбөг эзэмшилт, мэдрэмж өөрийн эрхгүй дуу алдуулахаар байсан болохоор ирээдүйн дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг болно гэдэг тодорхой байсан гэхэд хилсдэхгүй байсан биз. Тухайн үед Италийн “Сери А”-г “бага дэлхийн аварга шалгаруулах тэмцээн” гэж нэрлэдэг. Дэлхийн хамгийн хүчирхэг лиг байлаа. Том одод ч Италийн “Сери А”-д олон тоглоно. 

Тухайн үеийн “Рома” багийн дасгалжуулагч Вужадин Босков, түүний дараахи Карло Маццоне нар Тоттиг олны анхаарлын төвд байлгахаас ямагт татгалзаж байсан нь ирээдүйн одыг маань хувь хүн болон төлөвшихөд ихээхэн тустай зүйл болж. Оддын өвчнөөр өвчлөхгүй, гагцхүү “амин голоосоо дур­­тай” хөлбөмбөгөө л тоглож, түү­нээсээ дээд зэргийн таашаал хүртэх.

“Хөлбөмбөгийн эцэг”-ээ хэмээн хүндэтгэж, биширж явдаг Карло Маццоне “Рома”-г орхисон нь Тоттигийн хувьд багагүй цохилт болсон гэдэг. Чехийн Зденек Земан, 4-3-3 байрлалын гол довтлогчоор тоглуулах болсонд нь тэрбээр дурамжхан байлаа. Гэвч шилдэг довтлогчдын эзэмших ёстой бүх л ур чадвар, ухаан, мэдрэмжийг үүнээс Тотти олж авсан бол Фабио Капеллогийн ачаар сахилга баттай, тактиктай, хатуужилтай тоглох арга ухааныг эзэмшсэн гэж мэргэжилтнүүд хэлдэг.

Ийнхүү бие, сэтгэл санааны хувьд бүрэн бэлтгэгдсэн Тотти, 1999 оноос багийн ахлагчаар тоглох болж, “Рома”-чуудын 18 жилийн турш мөрөөдсөн “Италийн Аварга” цолыг 2001 онд авсан юм. Энэ үед “Рома” түүхэндээ гурав дахь удаагаа аваргал­­­­­­сан бөгөөд шүтэн бишрэгчид нь Рома хотын “Рионе Монти” гэдэг газ­рын нэгэн байшингийн дотор хананд Тоттиг баруун гараа дээш өргөн тэнгэр рүү заан, талархаж буй зургаар мөнхөлжээ.

1990-ээд оны сүүл, 2000 оны эхээр “Италийн алтан хүү” гэгдэж байсан Тотти 1999 онд “Италийн шилдэг шинэ хөлбөмбөгчин” болсон бөгөөд “Италийн шилдэг хөлбөмбөгчнөөр таван удаа /2000, 2001, 2003, 2004, 2007 онд/ тодорчээ.

2006 оны хоёрдугаар сард Тотти баруун хөлийн шагайдаа гэмтэл авсан нь бүрэн эдгэрсэнгүй. Гэвч “Ромын эзэн хаан” маань хөлбөмбөгчин бүрийн хүсэл мөрөөдөл болсон хөлбөмбөгийн дэлхийн аварга тэмцээнд оролцохоор болсон юм. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн бол түүний шигшээ багтаа тусласан сүүлийнх нь тоглолтууд байлаа.  Италийн шигшээ багийн дасгалжуулагч, тоглогч бүр Тоттигүй бол “гар мухартай адил” гэдгийг сайтар ухаарч байсан тул түүнийг ихэд ятгасан гэдэг. Ингээд Тоттид ногоон талбайд хөлдөө төмрөн хамгаалалттай гарахаар болжээ. Гэвч бэртэл нь эдгээгүй Тотти шүтэн бишрэгчдийнхээ хүсэн хүлээж байсан дуу алдам тоглолтоо үзүүлж чадсангүй.

Франческо Тоттиг дэлхийн шилдэг довтлогчдын нэг гэдэгтэй хэн ч маргахгүй ч төвийн хагас хамгаалагчийн байрлалд илүү сайн тоглодог гэж хөлбөмбөгийн мэргэжилтнүүд үнэлдэг. Орчин үеийн хөл бөмбөгийн “амин сүнс” болсон төвийн хагас хамгаалагч буюу тоглолтын найруулагчийн үүргийг довтлогчтой хослуулан гүйцэтгэдэг Тоттигийн мэдрэмж, ухаан, бөмбөг эзэмшилт, дамжуулалт багтаа хамгийн хэрэгтэй, хамгийн чухал нь. Тиймээс Тоттигүй Италийн шигшээ баг ямархан хүнд байдалд байгаа, түүнийг орлох тоглогч өнөөг хүртэл олдохгүй байгаа нь Тоттигийн ямар их үнэ цэнэтэйг илтгэх.

Германд болсон 2006 оны “Хөлбөмбөгийн Дэлхийн Аваргын” дараа зодог тайлсан түүнийг Италийн шигшээ багийн үе үеийн дасгалжуулагчид “арай ч болоогүй байхад зодог тайллаа” гэж  шүүмжлэх нь бий. Жиованни Трапаттони “Тоттигийн тоглолт Италийн шигшээ багийн амжилттай байгаа эсэхийг тодорхойлно” гэж нэгэнтээ хэлж байсан нь үүнийг батлах мэт.

Франческо Тотти –Италийн “ “Рома” багийн бэлгэ тэмдэг, энэ багтайгаа Сери А” –д хамгийн олон гоол оруулсан хөлбөмбөгч.

Б.Ойнбилэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж