Он гарснаас хойш олны анхаарлыг хамгийн их татаж байгаа сэдэв бол шатахууны үнийн өсөлт болоод байна. Нефть импортлогчид шатахууны үнийн өсөлтийг ам.долларын ханшийн өөрчлөлттэй холбон тайлбарлаж байгаа юм. Шатахууны үнэ огцом нэмэгдсэнээс болж бүхий л бараа бүтээгдэхүүний үнэ цөөнгүй төгрөгөөр нэмэгдсэн нь ард иргэдийн бухимдлыг төрүүлэх болсон. Монголбанкнаас өнгөрсөн долоо хоногт мэдэгдэл гаргаж шатахууны үнийн өсөлттэй ам.долларын ханшийн өөрчлөлт ямар ч хамааралгүй гэдгийг мэдэгдсэн. Харин МҮЭХ-ноос үнийн дарамтыг зогсоохыг Засгийн газраас шаардаж буй.
Энэ мэтчилэн Монголын эдийн засагт болж буй асуудлаар МУИС-ийн ЭЗС-ийн Санхүүгийн тэнхимийн багш, доктор, профессор Л.Оюунтай уулзаж ярилцлаа.
-Монголын эдийн засагт үнийн дарамт нүүрлээд байна. Шатахууны үнийн огцом өсөлтөөс болж бүх л бараа бүтээгдэхүүний үнэ цөөнгүй төгрөгөөр өсчихөөд байна. Улстөрчид үүнд Монголбанкыг буруутгаж байгаа. Монголбанк ямар нэгэн арга хэмжээ авсангүй гэж?
-Шатахууны үнийн өсөлт ам.долларын ханшийн өөрчлөлтөөс болоогүй гэдгийг Монголбанкнаас маш тодорхой, баримт үндэслэлтэй нь гаргаж ирээд нийтэд мэдээлсэн байна лээ. Импортлогчид шатахуунаа худалдан авахын тулд 1388 төгрөгөөр ам.доллар худалдан авсан ногтлогдсон. Тэгэхээр яг үнэндээ импортлогчид ам.долларын ханшийн өөрчлөлтөөс болоод шатахууныхаа үнийг өсгөсөн гэдэг жүжиг тавиад байна гэж ойлгогдож байна. Магадгүй үгсэн хуйвалдаж, үнэ нэмсэн гэдгээ үүгээр хаацайлах гээд л оролдоод байгаа юм болов уу. Төв банк импортын бараа оруулж ирдэг аж аруйн нэгжүүдийн судалгаатай бөгөөд хичнээн хэмжээний, хэдий хэрийн бараа импортлож байгааг, хичнээн доллар хэрэгтэйг ч тооцоолж гаргадаг юм. Нэг ёсондоо Монголбанк Монгол Улсын ам.долларын орох гаргах урсгалын тайлантай. Энэ тайлан дээрээс харахад ам.долларын ханш өссөнөөс шатахууны үнэ өссөн байх үндэслэл байхгүй байна лээ. Иргэн хүнийхээ хувьд, эдийн засагчийнхаа хувьд энэ асуудлыг сонирхож, судалсан юм. Шатахууны үнэ долларын ханшийн өсөлтөөс болоогүй гэдэг нь маш ойлгомжтой байхад импортлогчид “уучлаарай, бид үнээ үндэслэлгүй нэмчихлээ” гэж хэлчихдэг эр зоригтой байх ёстой болов уу. Монголбанк ямар нэгэн арга хэмжээ авсангүй гэж зарим улстөрчид ярьж байна лээ. Харин би үүний эсрэг байр суурьтай байгаа. Монголбанк үүсээд байгаа асуудлыг аль эртнээс хараад долоо хоног бүр интервенц хийгээд, зохицуулж яваа. Зах зээл үүсээд байгаа асуудлыг Монголбанк хүчээр барьж болохгүй. Тэгвэл эдийн засагт бүр хортой байх болно. Засгийн газраас халамжийн мөнгийг хавтгайруулан олгож мөнгөний нийлүүлэлтийг нэмдэг. Энэ нь инфляци өсгөдөг. Тэгээд буруутан нь бас л Монголбанк болчихдог. Монголбанк нөгөө тараасан мөнгийг нь хурааж авах гээд мөнгөний хатуу бодлого явуулахаас өөр аргагүй болдог. Ингээд бодлогын хүүг өсгөх замаар тараасан мөнгийг банк руу татах, банкнаас мөнгө гарах хэмжээг багасгах арга хэмжээ авдаг. Монголбанк ийм байдлаар сүүлийн үед гал унтраагч шиг л ажиллаж байна
-УИХ-ын нэр бүхий гишүүд шатахууны үнийн өсөлтөд Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийг буруутгаж, огцруулах асуудлыг хөндөөд байгаа шүү дээ?
-Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийг огцруулснаар нефть импортлогчид шатахууныхаа үнийг бууруулах юм болов уу. Энэ яриаг би улстөржилтийн нэг хэлбэр гэж бодож байна. Шатахууны үнийг бууруулья гэвэл Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас тавьсан торгуулийг л ягштал биелүүлэх хэрэгтэй. Түүнээс төв банкаар оролдоод, үйл ажиллагааг нь улстөржүүлээд байх шаардлагагүй.
-Монголбанк долоо хоног бүр интервенц хийдэг. Энэ нь ямар ач холбогдолтой гэж?
-Төгрөгийн ханш сулраад эсрэг байгаа валют буюу долларын ханш өсөөд ирэхлээр долларын ханшийг бууруулахын тулд долларын нийлүүлэлтийг нэмэгдүүлж түүний ханшийг нь сууллаж байгаа үйл ажиллагаа нь интервенц юм. Сая л гэхэд ам.долларын ханшийг бууруулахын тулд 300 гаруй сая доллар нийлүүлж ханшийг нь бууруулсан байсан. Ам.долларын ханш бол эдийн засагт нөлөө үзүүлдэг нэг суваг юм. Долларын ханш суларснаар импорт хямдхан болж дотоодын үнийн хөөрөгдлийг өөрөөр хэлбэл инфляци хөөрөгдөхгүй байх сайн талтай. Манайх шиг ихэнх хэрэглээний бараагаа импортоор авдаг орны хувьд их чухал. Ам.доллрын ханш сулрахаар экспортлогчдод алдагдалтай болдог. Чанга ханштай төгрөгөөр бараа үйлдвэрлээд түүнийгээ гадаадад гаргаад зарахаар хямдхан доллараар зарах болдог. Тэгэхээр ханшийн өөрчлөлт хоёр талтай гэдэг нь харагдаж байгаа биз.
-Монголбанк валютын хар зах зээлд хяналт тавьж чадаагүй юм биш үү?
– Валютын хар зах дээр үйл ажиллагаа явуулдаг ченжүүдийг Монголбанк биш Санхүүгийн зохицуулах хороо хянадаг юм шүүдээ. Тус газрын эрх үүрэгт энэ багтсан байдаг юм. Монголбанк зах зээлд хяналт тавьж, хариуцлага тооцохоосоо илүү Монгол Улсын мөнгөний бодлогыг тодорхойлдог үүрэгтэй. Арилжааны банкуудаар гадаад гадаад худалдааны төлбөр тооцоо хийгддэг. Арилжааны банкуудын үйл ажиллагааг Монголбанк зохицуулдаг юм. Эндээс Монголбанк буруутай, буруугүй нь харагдах байх л даа. Хүн мэдэхгүй сэдвээрээ ярих нь осолтой. Эргээд эдийн засгаа хорлох үзэгдэл ч болж магадгүй юм.
-МҮЭХ-ноос Монголбанкнаас мөнгөний бодлогыг салгаад Засгийн газар өөртөө авах хэрэгтэй гэсэн шаардлага тавьсан бий. Уг нь аль ч улс орны хувьд мөнгөний бодлогыг төв банк нь тодорхойлдог биз дээ?
-Мөнгөний бодлогыг дэлхийн улс оронд төв банк нь авч явдаг. Засгийн газар бол нь ялсан улс төрийн хүчнээс эмхлэн байгуулдаг газар. Тиймээс Засгийн газар мөнгөний бодлогыг авч явах зохимжгүй. Мөнгөний бодлого улс төрийн шийдвэрээс ангид байх ёстой. Түүнчлэн төв банк хараат биш, бие даасан үйл ажиллагаа явуулж байх ёстой. Манайд Монголбанкны хараат бус, бие даасан байдал алдагдаад байна уу гэсэн бодол төрдөг. Манайхан юм л бол Монголбанк руу дайрдаг болсон. Одоо бүр ганц эрхийг нь авах нь. Тэгвэл төв банк байх шаардлага байгаа юм уу. Аль улс орны төв банк мөнгөний бодлогоороо улс орны хөгжлийн дунд болон урт хугацааны стратеги зорилгыг хэрэгжүүлж байдаг. Тийм ч утгаараа улс төрөөс хараат бус байлгахын тулд төв банкны ерөнхийлөгчийг улс төрийн сонгуулийн жилээс урт хугацаагаар томилдог. Харин манай орны харамсалтай нь Монголбанкны үндсэн үүргийг нь гүйцэтгүүлдэггүй, гал унтраах газар болгочихоод байна уу гэж харагдаж байна. Үндсэн үүрэгт нь хөндлөнгөөс гар дүрж, улстөрждөг үзэгдэл бүр дэндлээ. Монголбанк эдийн засгийн хөгжлийг дэмжсэн орчныг мөнгөний бодлогоор дамжуулан хэрэгжүүлж байх ёстой юм. Шатахуун импортлогчид үнээ үндэслэлгүйгээр нэмсэний бурууг дагаад Монголбанк хүлээх ёстойг би ойлгохгүй байна. Нэгэнтээ Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас ам.долларын ханшаас болж шатахууны үнэ нэмэгдээгүй гэдгийг нотолсон, импортлогчид шатахууныхаа үнийг үгсэн хуйвалдаж, монополь ашиг унагасан гэдэг нь тогтоогдчихоод байхад яагаад төв банк буруутгах ёстой гэж. Төв банкны бие даасан байдлыг хангахын тулд улс орнууд хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлэн ажиллдаг. Бие даан ажиллаж байгаа үед нь дотоод үйл ажиллагаанд нь тэр бүр оролцоод байдаггүй.Учир нь бие даасан үйл ажиллагаа явуулж байж төрийн мөнгөний бодлого уламжлалт шинжээ хадгалж нэг ёсондоо “төр эргэж байсан” ч эдийн засгийн язгуур эрх ашиг хөндөгдөхгүй өнгөрдөг ёстой. Монгол Улс банк төвтэй санхүүгийн тогтолцоотой учраас эдийн засгийн гол санхүүжилт банкаар дамжин хийгдэж байна. Тиймээс банкууд санхүүгийн хувьд найдвартай байх нь их чухал. Монголбанкны нэг чухал үүрэг нь энэ тал руу чиглэж ажилладаг.
-Эдийн засагт үүсээд байгаа үнийн өсөлтийг яаж зохицуулах гэж. Өдрөөс өдөрт иргэд үнийн дарамтад туйлдах боллоо шүү дээ.Удахгүй цагаан сар болно. Үнийн өсөлт улам даамжрах вий гэсэн айдас иргэдийн дунд байсаар л байна?
-Төр монополиудтай монополь зохицуулалтаар тэмцэх хэрэгтэй болчихож. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар ажлаа хийх хэрэгтэй. Үнийг бодит бусаар өсгөж байгаа асуудлыг хуулиа сайн хэрэгжүүлж л шийдвэрлэх ёстой байх. Тэгэхгүйгээр торгууль тавилаа л гэдэг. Торгуулиа төлсөн эсэх нь тодорхойгүй, тэгсхийж байгаад л асуудлыг намжаадаг дутагдал монголчуудад бий. Манай шатахууны зах зээлд өрсөлдөөн үнэхээр алга. Цөөн хэдэн компаниудын захирал цугларч байгаад л үнээ нэмчихдэг, ард түмний халаас руу дур мэдэн гар дүрдэг байдал хэзээ ч арилахгүй нь бололтой. Зах зээлийн зарчимаар бол өрсөлдөөн байгаа газар үнэ үндэслэлгүй өсдөггүй. Шатахууны үнийг барьж байх олон боломж байдаг. Олон улсын туршлагаас харахад чухал ач холбогдол бүхий барааны зах зээл дээр төр өөрийн нөөцтэй байдаг. Стратегийн ач холбогдолтой барааны үнэ өсөх хандлагатай болоод ирвэл төр нөөцөөсөө зах зээл дээр нөгөө барааныхаа нийлүүлэлтийг хийж өгдөг. Тэгэхээр Монгол Улс ийм асуудал гарахад сандарч тэвдэлгүй зохицуулалт хийх шатахууны нөөцтэй байх ёстой шүү дээ. Төр ийм чухал барааны нийлүүлэлтэн дээр алдагдал хүлээсэн ч хамаагүй, өндөр үнээр худалдан авсан ч бага үнээр нийлүүлж өгөх нь бусад барааны үнийн өсөлтийг гаргахгүй байх, инфляцийг хөөрөгдөхгүй байх арга хэмжээ болдог. Энэ арга бол нийт эдийн засагт бараа, үйлчилгээний үнэ өсөх хохирлоос бага хохиролтойгоор асуудлыг шийдэх боломжтой зүйл. Цааүлаад Монгол Улс өөрсдөө шатахуун үйлдвэрлэдэг байх хэрэгтэй болж. Засгийн газарт мөнгөний бодлогыг өгье гэхийн оронд шатахууны үйлдвэрээ хурдан бариач ээ гэдэг шаардлага тавимаар байна.
