
Цаг уурын өртөө, харуулын талбай дээр ажиглалтын мэдээгээр өчигдөр төвийн нутгийн хойд хэсэг, зүүн нутгийн зүүн хэсгээр 0,0-0,2 мм цас орсон оржээ. Ихэнх нутгаар 0-20 см зузаан цастай байгаагаас хамгийн их нь Баян-Өлгийн Алтай, Увсын Малчин, Сагил, Тэс, Баруунтуруун, Яруу,Сэлэнгийн Бугант, Дарханы Шарын гол, Төв аймгийн Баянөнжүүл, Дорнодын Чойбалсан, Булган орчмоор 13-20 см бөгөөд салхины хурд ширүүсч байсан байна. Ингэхдээ өдөртөө 14-40 градус, шөнөдөө 26-45 градус хүрчээ.
Харин энэ сарын 22-нд буюу өнөөдөр Хөвсгөлийн уулархаг нутгаар, 23-нд нутгийн зүүн хэсгээр, 25-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 25-нд баруун зүгийн нутгийн зарим газар, Арцбогдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нийт нутгаар буюу Говийн, Баруун, Зүүн, Төвийн нутгаар энэ сарын 26-ныг хүртэл шөнөдөө 23-48 градус, өдөртөө 21-37 градус байх төлөвтэй. Үүнд олон жилийн дундажыг тооцоолж үзэхээс гадна газар зүйн байрлал, онцлогоос шалтгаалж говийн аймаг хамгийн дулаан байдаг тогтлоор өдөртөө 19-24, шөнөдөө 21-26 градус байх төлөвтэй байгаа юм байна.
Нэгдүгээр сарын цаг агаарын төлөвийг бүсээр нь танилцуулж байна.
Баруун аймгууд. Нэгдүгээр арав хоногийн эхэн, дунд үеэр зарим газраар хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр, энэ сарын 20-ны сүүлчээр ихэнх нутгаар цас орно. Салхи энэ сарын 10 болон сарын сүүлчээр Алтайн уулс, нутгийн өмнөд хэсгээр 12-16 м/с хүртэл ширүүсч зөөлөн цасан шуурга шуурах төлөвтэй. Энэ сарын агаарын дундаж температур нь нутгийн хойд хэсгээр 26-31, бусад нутгаар 19-24 градус байх нь олон жилийн дунджаас 1,0-1,5 градусаар хүйтэн байх гэнэ.
Төвийн аймгууд. Ихэнх нутагт нэгдүгээр сарын дунд болон сүүлчээр нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи ерөнхийдөө 12-14 м/с хүртэл ширүүсч, цасан шуурга шуурах төлөвтэй бөгөөд олон жилийн дундажаас 1,0 градусаар хүйтэн байгаа ажээ.
Зүүн зүгийн аймгууд. Нэгдүгээр сарын температурын дундаж нь Хэрлэн, Халх голын хөндийгөөр 22-27, бусад нутгаар 18-23 градус хүйтэн буюу Хэнтийн өмнөд, Дорнодын хойд, Сүхбаатарын баруун хэсгээр болон бусад нутгийн хэсгээр олон жилийн дундажаас 1,0-1,5 градус хүйтэн байна.
Говийн нутаг. Ихэнх нутгаар дундаж температур нь 15-20 градус хүйтэн байна. Олон жилийн дундажаас мөн 1,0-1,5т градус хүйтэн байгаа юм байна. Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе, сарын сүүлчээр 12-14 м/с, зарим үед Арц богдын хоолойгоор 16-18 м/с хүртэл ширүүсч, ихэнх нутгаар зөөлөн цасан шуурга шуурах төлөвтэй байгаа ажээ. Тиймээс хүйтний эрч чангарсан хэвээр байгаа болон, ширүүн салхилж, цасны зузаан нэмэгдсэн байгаа үед ард иргэдийг хөдөө гадаа явахдаа сэрэмжтэй, шаардлагагүй тохиолдолд холын замд явахгүй байхыг зөвлөж байна.