Дээд лигийн багууд футзалаар өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2012.01.22-нд нийтлэгдсэн

Дээд лигийн багууд футзалаар өрсөлдөнө

Монголын хөлбөмбөгийн холбооны 2012 оны тэмцээн, уралдаанууд эхэллээ. Энэ жилийн тэмцээнүүдийн нэгэн онцлог нь бараг бүх насны ангиллын МХБХ-ны Цомын тэмцээнүүд зэрэг болохоор болж байна. Нөгөө нэг онцлог нь Футзалын тэмцээн, уралдаан, сургалт, фестивалиуд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор зохион байгуулагдах болсныг дуулгая. Хамгийн том тэмцээн болсон лигийн багуудын өрсөлдөөн маргааш буюу 01 дүгээр сарын 23-нд 16.00 цагаас Болд “Сэлэнгэ пресс” “Хоромхон” клубын тулаанаар эхэлнэ. Лигийн найман баг бүгд бэлтгэл сургуулилтаа сайтар хийж, энэхүү удаагийн тэмцээндээ оролцохоор болж байна. Ажлын өдөр бүрийн 16.00 цагаас болох Мэргэжлийн багуудын тэмцээн 2012 оны 3 дугаар сарын 17-ны өдөр дүнгээ гаргах юм. Үүнтэй зэрэгцээд мөн Өсвөрийн болон Идэрчүүдийн МХБХ-ны Цомын тэмцээнүүд болно. Энэ жилийн тэмцээн 3 үе шаттайгаар зохиогдож байгаа бөгөөд дүүрэг болон клубуудын тэмцээн 01 дүгээр сарын 02-ноос 13-ны хооронд явагдаж дууссан. 2 дугаар шатны тэмцээн болсон Нийслэлийн тэмцээний 13 хүртэл насны ангилалд дүүрэг болон клубуудээс шигшигдсэн 16 баг, 15 хүртэл насны ангилалд 18 баг, 17 хүртэл насны ангилалд 16 баг оролцохоор болжээ. Ажлын өдөр бүрийн 09.00-11.00 цаг хүртэл U-13, 11.00-13.00 цаг хүртэл U-15 нас, 13.00-15.00 цаг хүртэл U-17 насны тоглолтууд болно. Нийслэлээс шилдэг 4 баг 3 дугаар шатны буюу МХБХ-ны цомын тэмцээнд аймгуудаас шалгарч ирсэн багуудтай 2012 оны 3 дугаар сарын 11-17-ны хооронд өрсөлдөнө.

Харин сонирхогчдод зориулсан футзалын “CITY CUP” тэмцээний бүртгэл 1 дүгээр сарын 25-27-нд явагдах бөгөөд 2012 оны 2 дугаар сарын 04-нөөс 2 дугаар сарын 19-ний өдрүүдэд зөвхөн амралтын өдрүүүдэд зохиогдохоор болсон байна.

Ахмадуудад зориулсан тэмцээн 2012 оны 2 дугаар сарын 13-наас 17-ны өдрүүдэд болох бол охид эмэгтэйчүүдэд зориулсан “Мартын 8”-ны тэмцээн 2012 оны 3 дугаар сарын 01-07-нд болох ажээ. Та бүхнийг хүүхэд, залуучууд, хөлбөмбөг сонирхогч болон мэргэжлийн багуудын өрсөлдөөнийг хүрэлцэн ирж сонирхохыг урьж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж