Оройтсон борооноор хүрээ байшинд зочлоорой

Хуучирсан мэдээ: 2012.01.22-нд нийтлэгдсэн

Оройтсон борооноор хүрээ байшинд зочлоорой

Цэцэг нэхэн шаагих бороо цагаасаа оройтож шиврэх нь энэ. Бүүр шиврэх шиврэхдээ улирал андууран нэгдүгээр сард идэр есийн хүйтнээр шүү… Оройтсон бороо шиврэх цагаар хүрээ байшинд хоёр залуу дурлалт бүсгүйнхээ талаар нутаг нугынхаа талаар аав ээжийнхээ тухай хөөрөлдөнө. Хилийн заставын хар нүдэн бүсгүй, элэг дэвтээх аашт Оюунаа бүсгүй гээд тэдний ярианы сэдэв хайр дурлал. Бас бурхан жолооч аав, холын тэнгэр аав гээд аав ээжүүд нь нэг нутаг усных…. Энэ бүх үйл явдал үлгэрт л гардаг гэмээр. Тэгвэл нэгдүгээр сарын 27, 28-нд Монгол бөхийн өргөөнд соёлын тэргүүний ажилтан  М.Бямбажав, Л.Болдбаатар нарын уран бүтээлийн тоглолт болно. Хоёр дуучин 10 дуугаа сольж дуулсан нь олны анхаарлыг татаж байгаа аж. Сольсон дуунууд ч хэдийнэ фм, радиогоор олны хүртэл болоод эхэлсэн.  1990 болон 2000-аад оны дундуур олныг шуугиулсан уран бүтээлүүдийг нэгэн дор үзэгч түмэнд задлах нь уран бүтээлчдийн сар шинийг бэлэг гэнэ. Гавьяат жүжигчин Н.Чулуунхүүтэй хамтран уран бүтээл туурвихдаа ихэвчлэн ижилсэн шогшдог М.Бямбажав Л.Болдбаатартай хэрхэн хамтрах бол. Тэд бүжиглэх болов уу яах бол.

Г.Тэгшжаргал
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж