АНУ Дамаск дахь элчин сайдаа татна

Хуучирсан мэдээ: 2012.01.22-нд нийтлэгдсэн

АНУ Дамаск дахь элчин сайдаа татна

АНУ Сирийн Дамаск хот дахь элчин сайдын яамаа хаах гэж байна. АНУ-ын Төрийн Департамент Сири дэх элчин, дипломуудын аюулгүй байдалд санаа зовж эхэлжээ. Төрийн Департамент  өнгөрсөн баасан гаригт гаргасан мэдэгдэлдээ "Элчин сайдын яамаа хаах тухай эцэслэн шийдвэр гараагүй ч Дамаск дахь цэргийнхэн болон босогчдын хоорондох үймээн самуунаас болж нөхцөл байдал хурцдаж байгаа тул бид энэ асуудлыг анхааралдаа авсан” гэжээ. Сирийн эрх баригчдаас АНУ-ын Төрийн Департамент элчин сайдын яамных нь аюулгүй байдлыг хангах нэмэлт арга хэмжээ авахыг хүссэний дагуу тус улсын эрх баригчид үүнийг анхааралдаа авна гэж мэдэгджээ. Гэвч “Сирийн эрх баригчид нэн даруй арга хэмжээ авахгүй бол элчин, дипломатуудын аюулгүй байдлыг хангахын тулд элчин сайдын яамаа хаах болно” гэж АНУ-ын Төрийн Департаментын төлөөлөгч мэдэгджээ. АНУ Дамаск дахь элчин сайдын яамаа хаавал тус хоёр улсын дипломат харилцаанд сэв сууж болзошгүй гэж ажиглагчид бичиж байна. Дамаск дахь АНУ-ын элчин сайдын яаманд арав гаруй дипломат ажилчид суудаг бөгөөд дийлэнх нь өнгөрсөн оны эхээр нутаг буцжээ. Өнгөрсөн аравдугаар сард тус улсад суугаа АНУ-ын элчин сайд Роберт Фордыг сөрөг хүчний лидер Хассан Абдул Азимтай уулзах үеэр Сирийн Засгийн газрын 100 гаруй дэмжигчид уулзалтыг бусниулж, халдлага үйлдсэн. Сирийн Засгийн газрыг дэмжигчид АНУ-ын элчинг дипломат төлөөлөгч гэхээс илүү  босогч гэж буруутгадаг. Өнгөрсөн сард Дамаск хотод машинд тэсрэх бөмбөг тавьж, дэлбэлснээс хойш  дипломат төлөөлөгчдийн аюулгүй байдал хурцаар тавигдаж эхэлжээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж