
Антарктидын эрэг орчим дахь мөсөн голоос асар том мөсөн уул хоёрдугаар сарын эхээр тасарсан нь өнгөрсөн баасан гаригт тодорхой болов. Антарктидын цаг уур ба эко системийг судлах Австралийн антарктидын нэгдсэн төвийн (Хобарт, Тасманийн арал) эрдэмтэд энэ тухай Reuters агентлагт ярьжээ. Антарктидын эрэгт хагас арал маягаар наадлан байсан Мерцийн мөсөн гол “өөрийн хэсгийг алдав”. Тэр нь газрын зураг дээр Мельбурнээс өмнө зүгт 160 км-ын мөс “цухуйсан хэл” мэт харагдаж байсан ажээ. Байгалийн жам ёсны үзэгдлүүдийн үр дүнд энэ мөсөн голын хэсэг сууринаасаа хөндийрөх болсон байна. “Унах гээд ганхаж байгаа шүд шиг л унасан” хэмээн ВВС-д байдлыг тайлбарласан Францын гляциологч Бенуа Легреси уран дүрслэл гарган хэлэв. 2010 оны хоёрдугаар сарын эхээр Легресийн томъёоллоор “шүд унасан” байна. Энэ тохиолдолд “шүдний эмчээр” нь 1987 онд тивээс салаад эрэг орчмоор нь хөвж явсан В9В гэсэн нэртэй мөсөн гол ажиллав. В9В мөсөн гол “чөлөөлөгдсөнөөсөө” 23 жилийн дараа Мерцийн мөсөн голыг мөргөсөн ба тэндээс чөлөөлөгдсөн хэсэг Австралийн зүг хөвж байна. Шинэ мөсөн уул 2500 кв.км талбайтай байгаа нь Европын Люсембургийн нутаг дэвсгэрийн хэмжээтэй эн зэрэгцэхээр. Тэр нь Москва хотоос2,5 дахин их ажээ.
