Ерөнхийлөгч ”Оюутолгой”-д зочиллоо

Хуучирсан мэдээ: 2012.01.22-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч ”Оюутолгой”-д зочиллоо

“Ид
өвлийн хүйтэн тачигнаж байгаа цараар бүтээн байгуулалтын нүсэр их ажил
энд өрнөж байна” гэж Оюу Толгой ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх яриагаа
эхлэв. Оюу Толгой төсөл барилгажилт, бүтээн байгуулалтын үе шатандаа явж
байна. Дэлхийн хамгийн том уул уурхайн бүтээн байгуулалт болно гэж
төлөвлөж байгаа ус төслийн үр дүнд 2019 он гэхэд монголын эдийн засаг 36
хувиар нэмэгдэнэ, 2020 он гэхэд ДНБ 1.7 сая төгрөгт хүрч, ДНБ-ий
гуравны нэгийг дангаараа бүрдүүлдэг болно гэж тооцоолж байгаа юм.
Олборлолтын үйл ажиллагаа эхлэх хүртэл 7.7 их наяд төгрөгийн хөрөнгө
оруулалт хийгдэх төлөвлөгөөтэй байна. Баяжуулах үйлдвэр 2013 оны 3-р
улирлаас ажиллж эхэлнэ гэсэн төлөвлөгөөтэй, одоогийн байдлаар үйлдвэрийг
угсрах ажил төлөвлөснөөс 6 сарын өмнө явж байна гэж танилцууллаа.
 
“Оюу
толгой төсөлд нийт  38 орны 65 компани оролцож байна. Нийт  15 мянган
ажилчинтай 4700 нь гадаадын ажилчид бусад нь монгол ажилчид байна.
Уурхай ашиглалтад орсны дараа ажиллах хүчний 90 хувь буюу 3000 ажлын
байранд монголчууд ажиллах болно. 1000 гаруй ханган нийлүүлэгч монгол
компани, хувь хүмүүстэй гэрээ хийж 1.3 их наяд төгрөгийн бараа,
үйлчилгээг орон нутгийн ханган нийлүүлэгч нараас худалдан аваад
байна.Аймгийн хэмжээнд хэрэгжүүлж буй дэд бүтцийн 12 төслийн 5-ийг нь
монгол гэрээт компаниуд дангаараа хариуцан гүйцэтгэж байгаа. Сургалтын
хөтөлбөрт 110 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, Даланзадгад,
Ханбогд, Дархан, Улаанбаатар зэрэг газарт уул уурхайн сургууль болон
МСҮТ-үүдийг барьж байна. 200 оюутныг дотоодын, 30 оюутныг гадааын их
дээд сургуульд сургаж байна.
 
Уурхайн үйл ажиллагаа зогсоход
байгаль орчны нөхөн сэргээлтийг олон улсын стандартын дагуу бүрэн хийж
гүйцэтгэх бөгөөд байгаль орчны бодлого Дэлхийн банкны стандартад бүрэн
нийцэж байгаа. Төсөл, ус хамгийн бага ашигладаг технологийг нэвтрүүлэх
бөгөөд усны гол эх үүсвэр нь хүн малын хэрэгцээнд ашиглах боломжгүй гүнд
байрлах Гүний хоолойн ус юм.
 
Дэд бүтийн тухайд, урд хил хүртэлх
100 км хатуу хучилттай авто зам, 220 кв-ын эрчим хүчний шугам зэргийг
бүтээн байгуулж байна. Олон улсын жишгээр нисэх онгоцны буудал, усны
хоолой зэргийг барьж байна. Мөн аймгийн иргэдэд зориулж, аймгийн төвд
2.6 тэрбум төгрөгийн өртөг бүхий спорт, урлагийн цогцолбор, Баян-Овоо
суманд 775 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар спорт цогцолбор тус тус
барьж байна” гэж ТУЗ-ийн дарга Г.Батсүх болон бүсийн хөгжил, нийгмийн
асуудал хариуцсан дэд ерөнхийлөгч Т.Баярсайхан нар танилцуулав.
 
Энэхүү
танилцуулгын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эрчим хүч цахилгааны асуудлыг
хэрхэн шийдэх, монгол ажилчид, ажлын байр, ханган нийлүүлэлт, худалдан
авалтын журмын талаар асууж тодруулж байлаа. Эрдэс баялаг, эрчим хүчний
сайд Д.Зоригт, дизель түлш “шахдаг” ашиг сонирхлыг хэдэн шийдвэр
гаргагчид өмгөөлж байгаа мэт, энэ шалтгаанаар цахилгаан станц барих
зөвшөөрөл өгөхгүй байгаа мэт яриа бол ор үндэслэлгүй гээд, цахилгаан
станц барих зөвшөөрлийг Оюу Толгой ХХК-д өгөх нь зүйтэй гэсэн улстөрийн
шийдэл гарсан гэлээ. “Бид үйлдвэрийн хөрөнгө оруулалт, мөн цахилгаан
станцын хөрөнгө оруулалт тусдаа байх хэрэгтэй гэсэн байр суурьтай
байгаа. Өөрөөр хэлбэл Рио Тинто, Айванхоу Майнз хамтраад хөрөнгө оруулж,
тусдаа аж ахуйн нэгж байгуулан, цахилгаан станцаа барих ёстой гэж үзэж
байна” гэв. Төслийнхөн “БНХАУ-аас цахилгаан импортлох яриа хэлцэл
тодорхой шатанд хийгдсэн. Хятадын талаас, зэсийн баяжмалыг тодорхой
тоогоор нийлүүлэх гэрээ хийсэн тохиолдолд цахилгаан өгч болно гэсэн байр
сууриа илэрхийлсэн” гэж ярилаа.

“Оюу Толгой төслийн тендер,
худалдан авалттай холбоотой яриа, хэл ам гардаг байсан., Тендер
шалгаруулж байгаа журам нь тодорхойгүй, ил тод биш байна байна гэдэг.
Бид энэ асуудалд анхаарч, өнгөрсөн оны 12-р сарын 10-аас журам баталсан.
Одоо бүх худалдан авалт журмын дагуу явагдаж байгаа. Энэ тухай
мэдээллүүд төслийн вэб сайтан дээр тухай бүрдээ тавигдаж байна” гэж
Г.Батсүх хэлсэн. Оюутолгойд ажиллаж байгаа 10 мянган хүн цэрэгт
татагдсан юм шиг, хуарангийн байдлаар ажиллаж амьдарч байна. Гэтэл бусад
уул уурхайн төслүүд орон сууц , эмнэлэг, сургууль бариад эхэлчихсэн,
хүмүүс гэр бүлээрээ сэтгэл амар ажиллаж амьдрах нөхцөл бий болчихсон
байна. Энэ талаар бодож төлөвлөж байгаа зүйл юу байна гэж Ерөнхийлөгч
асуув. Төслийнхөн хариулахдаа, одоогоор зөвхөн барилга, бүтээн
байгуулалтын ажлууд хийгдэж байна. Уурхай ажилд ороод эхлэхээр энд орон
сууц барьж, дагаад хот бий болно. Бид Эрдэнэт уурхайг дагаад хот бий
болсон туршлагыг судалсан. Энэ талаар Засгийн газартай зөвлөж байгаа.
Зураг төсөл хараахан гараагүй байна гэв.
 
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
хэлэхдээ, “Энэ бол үнэхээр дэлхийн хэмжээний том төсөл. Хөрөнгө
оруулагчид болох Рио Тинто хариуцлагатай компани гэж яригддаг. Тэгэхээр
монголд хэрэгжүүлж байгаа энэ төсөлдөө ч хариуцлагатай байдлаар хандаж,
дэд бүтэц, ажиллах хүчин, байгаль орчин гээд бүхий л асуудалд цогц
байдлаар хандана гэж найдаж байна. Худалдан авалт, ханган нийлүүлэлтийг
монгол компаниуд хийж гүйцэтгэх, ажилчдын НДШ, ЭМДШ төлөгдөж байх,
монгол хүн гадаад хүн ижил ажил үүрэг гүйцэтгэж байгаа бол цалин нь
адилхан байх, усны бодлого хэрэгжүүлэх, усны нэмэлт эх үүсвэрийг хайж
олох, орон нутагт жижиг дунд үйлдвэрийг дэмжих гэхчилэн байнга анхаарах
асуудлууд маш их байгаа. Нутгийн ард иргэдийн үгийг сонсч, тэдэнтэй
уулзах хэрэгтэй. Ер нь нийгэмтэйгээ зохицоод явдаг бизнесийн ашиг орлого
нь өсдөг, хөгждөг, харин нийгэмтэйгээ зөрчилдөөд явдаг бизнес үр
ашиггүй байдаг. Оюу Толгой төсөл үүнийг чиглэл болгож яваарай. Та бүхэн
зүгээр нэг уурхайн төсөл хэрэгжүүлэгчид биш монголын хөгжлийг хамтран
бүтээгчид болсон гэдгээ ямагт санаж ажиллаарай” гэлээ. Дараа нь
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дагалдан яваа бусад албаны хүмүүсийн хамт
баяжуулах үйлдвэрийн барилгын явц, ажиглалтын тавцан дээрээс төслийн
талбай, ил уурхай, босоо ам 2, хүнд даацын угсралтын цех, ажилчдын
хотхонг үзэж танилцан, ажилчидтай өдрийн хоол идлээ.
 
Энэ үеэр
Оюу толгой төсөлд ханган нийлүүлэлт хийдэг ААН байгууллагууд, хувь
хүмүүс бүтээгдэхүүнээ танилцуулсан юм. Ханбогд сумаас нийт 97 бизнесийн
байгууллага, хувь хүмүүсийг сургалтад хамруулж, тэднээс бүтээгдэхүүн
худалдан авч байна. Тухайлбал Ханбогд сумын байнгын идэвхитэй 25 ханган
нийлүүлэгчээс ажлын хувцас, бээлий, хантааз , гагнуурын өвдгөвч, модон
эдлэл, талх нарийн боов зэргийг худалдан авч байна. Төсөл уурхай дээрээ 2
хүнсний дэлгүүр, кофе шоп, бэлэг дурсгалын дэлгүүр, оёдол засвар
ажиллуулж байгаа нь бүгд Ханбогд сумын иргэдийн бизнес юм байна.

Эх сурвалж: www.president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж