“Дотоодын цэрэг-90” тэмцээн болов

Хуучирсан мэдээ: 2012.01.22-нд нийтлэгдсэн

“Дотоодын цэрэг-90” тэмцээн болов

“Дотоодын цэрэг-90” шатрын тэмцээнийг Дотоодын цэргийн штаб, Монголын Шатрын холбоо хамтран Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Дотоодын цэргийн анги, байгууллагын хугацаат албаны байлдагч, түрүүч нарын дунд анх удаа ЦЕГ-ын Биеийн тамир, спортын “Хүч” хорооны зааланд зохион байгуулжээ.  Тэмцээний нээлтийн ажиллагаанд Монголын Шатрын холбооны ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга, бригадын генерал А.Дулаанжаргал, Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Т.Хүрэлбаатар, ХХЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Х.Лхагвасүрэн нар болон албаны бусад хүмүүс оролцсон байна.

Тэмцээнд зэвсэгт хүчин, хилийн цэрэг, дотоодын цэргийн анги, байгууллагын хугацаат албаны 60 байлдагч, түрүүч нар оролцож,хоёр өдрийн турш есөн өрөг тоглож, тэмцээнийг олон улсын шатрын дүрэм, швейцарь системээр явуулж Шатрын холбооны мэргэжлийн шүүгчид шүүж, тэргүүн байрт 8,5 оноотойгоор Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн байлдагч Н.Чинзаяа, хоёрдугаар байрт 7,5 оноотойгоор Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн байлдагч Г.Шинэбаяр, гуравдугаар байрт 7,0 оноотойгоор Дотоодын цэргийн 05 дугаар ангийн байлдагч Тэмүүжин нар тус тус байр эзэлсэн байна. Багын нэгдсэн дүнгээр ОУ-ын мастер Б.Мөнгөнтуул ахлагчтай Зэвсэгт хүчний баг тамирчид тэргүүн байр, хоёрдугаар байрт дэд хурандаа Х.Түвшинжаргал ахлагчтай Дотоодын цэргийн баг тус тус байр эзэлсэн байна. Тэмцээнийг амжилттай зохион байгуулсан хүмүүсийг Монголын шатрын холбооноос дурсгалын зүйлээр шагнаж урамшуулж, нийт оролцсон байлдагчдад Дотоодын цэргийн даргын батламжийг гардууллаа. Дотоодын цэрэг байгуулагдсаны 90 жилийн ойн ажлын хүрээнд зохион байгуулсан шатрын тэмцээн нь цэрэг, байлдагчдын авъяас чадварыг нээх, оюуны спортыг хөгжүүлэх, шинэ залуу шатарчдыг төрүүлэх, шатрын спортыг нийтийн хүртээл болгох зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагдахаар болж ирэх жилийн тэмцээн зохион байгуулалтыг Хил хамгаалах Ерөнхий газраас хийхээр шийдвэрлэжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж