“Танан” Спрайт хөгжлийн лигийн аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2012.01.22-нд нийтлэгдсэн

“Танан” Спрайт хөгжлийн лигийн аварга боллоо

“TLG13” ТББ, “MCS Coca-Cola” компанитай хамтран  зохион байгуулдаг Спрайт хөгжлийн лигийн 2011-2012 оны улирлын аваргын цомыг  Ц.Чинбат эзэнтэй, Ү.Давхарбаяр дасгалжуулагчтай, М.Дорждагва ахлагчтай “Танан Импекс” баг хүртлээ. Аваргын төлөөх цуврал тоглолтод “Танан Импекс”-ийн залуус 2:0 харьцаатай өнгөрсөн жилийн аварга ДХИС-ийн “CRM Шонхрууд”  багийг буулган авсан.  Цувралын эхний тоглолтод 84:65 харьцаатай хожсон бол хоёр дахь тоглолтод 90:80 харьцаатай ялалт байгуулж, Спрайт хөгжлийн лигийн аваргын цомыг анх удаагаа  гардлаа. Цувралын сүүлийн тоглолтод  “Танан Импекс” багаас  Ц.Отгонсүх 18 оноо, О.Ууганбаяр  оноо, М.Дорждагва 14 оноо авч шилдэг тоглолт үзүүллээ. Харин “Шонхрууд”-аас н.Бат-Эрдэнэ 23 оноо, Б.Баянбат 17 оноо авч, багаа тэргүүлсэн.

Спрайт хөгжлийн лигийн аваргын цомыг таван сая төгрөг, алтан медаль, өргөмжлөл, аваргын малгай, футболк, аяга, түлхүүрийн оосор дагалдсан. Мөн Спрайт лигийг төлөөлөн Европ дахь монголчуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болсон юм.  Харин  “Шонхрууд” баг дэд аварга болсноор гурван сая төгрөгийн мөнгөн шагналыг бусад дурсгалын зүйлсийн хамт хүртжээ. Харин хүрэл медалийн төлөөх тоглолтод “Эрдэнэдрийлинг RIGS” баг 87:85 харьцаатай  “УБЦТС ХК” багийг хожсоноор хүрэл медаль хүртэж, түүнийг дагалдах хоёр сая төгрөгийн эзэн болсон юм.

Спрайт хөгжлийн лигийн энэ жилийн үнэ цэнэтэй тоглогчоор аваргын цомыг хүртэхэд багийнхаа түлхүүр тоглогч байсан “Танан Импекс” багийн О.Ууганбаяр тодорч, өргөмжлөл, 100000 төгрөгийн эзэн болсон байна. Ийнхүү таван сарын турш үргэлжилсэн Спрайт лиг амжилттай болж өндөрлөлөө.

Т.Маша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж