
“Өрхийн эрүүл мэндийн төвийн шинэчлэл ба туршилтын загвар төслийн танилцуулга” уулзалт семинар болж өчигдөр өндөрлөв. Монголын Өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо, АХБ, ЭМЯ хамтран хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын эмзэг бүлгийн хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах” JFPR 9115- MON төслийн Олон нийтийг дайчлах чадавх бэхжүүлэх зөвлөх багаас хамтран зохион байгуулсан бөгөөд “Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо”-ны ерөнхийлөгч С.Сонин семинарыг нээж үг хэллаа. Тэрбээр “Улсын хэмжээнд нийт 216 өрхийн эмнэлэг байдгаас 123 нь нийслэлд бий. Өрхийн эмнэлгүүд 1.7 сая хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Өнгөрсөн онд өрхийн эмнэлгүүдийн үйл ажиллагааг чанаржуулах чиглэлээр олон ажил хийсний нэг нь өрхийн эмнэлэг хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага байна гэж Эрүүл мэндийн тухай хуульд заасан. Мөн өрхийн эмнэлгийн эмч ажилчдын нийгмийн халамж үйлчилгээнд илүү анхаарч, боловсронгуй болгожээ. Тухайлбал, өрхийн эмнэлэгт 3-аас дээш жил ажилласан хүнд зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох, тэтгэвэрт гарахдаа 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмж авах, таван жил тутамд улсын зардлаар мэргэжил дээшлүүлэх зэрэг олон заалт оруулж өгснөөр өрхийн эмнэлэгт боловсон хүчин тогтвортой ажиллах гарцыг нээсэн” хэмээн онцлон дурджээ.
Семинарт улс, нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагын эрүүл мэндийн байцаагч нар, арван өрхийн эрүүл мэндийн төвийн ахлагч эмч, мэргэжилтнүүдийг хамруулсан бөгөөд Эрүүл мэндийн яам, Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо, “Улаанбаатар хотын эмзэг бүлгийн хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах” JFPR 9115- MON төслийн холбогдох албаны хүмүүс оролцсон байна.