
Жирийн иргэдийн хувьд тэнд хэзээд орон тоо байдаггүй хэрнээ, эрхтэн дархтнуудын хувьд шөнө очсон ч хэд л бол хэдээрээ шургалж болдог шидтэй газар. Тэгэхээр энэ зөвлөлийг арын, өврийн гэсэн хоёр маш том, бас танилын, намын, мөнгөний, авлигын гэх зэрэг маш олон жижиг хаалгатай гэхээс өөрөөр төсөөлшгүй. Нөгөө талаар тус зөвлөл часхийсэн чадварлаг боловсон хүчнээс үнхэлцгээ хагартал айдаг гэхээс өөр тайлбар алга. Яагаад гэвэл мэргэжлийн ур чадвартайн зэрэгцээ шударга, бурууд нүд хурц хүмүүс очвоос дарга, орлогч, орон тооны болон, орон тооны бус гишүүд, албатууд нь толгой дараалан нурж унахаас айн сар жилийг өлбөгөр, үхээнц байдлаар үдсээр, хувийн тайван амьдрал, өөрсдийн өчүүхэн эрх ашгийг хамгаалан суусаар. Тэгэхээр Төрийн албаны зөвлөл гэх данхийсэн нэртэй ч үнэн хэрэгтээ “Амьгүй албатуудын цуглуулга” гэсэн хаяг хадсан ч болох энэ газар Монголын нийгэм буруу гарын хир, элдэв бохир хог шаараар гашлан бохирдож буйд түмэн буруутай. Энэхүү зөвлөлөөр дархлуулсан, хийх юмаа олж ядан, ажил тарахыг хүлээж ядан суух төрийн албаны салаа мөчир бүрт бясаа, жоом шиг шургалаад гардаггүй ёсыг хэн, хэзээ хэрхэн халах юм бол.
Жишээ захаас авахуулаад олон. Сүүлийн үед анхаарлын төвд хамгийн тодоор ороод байгаа нь Төрийн өмчийн хорооны даргын ажлыг дөнгөж өгөөд байгаа Д.Сугар байгаа юм. Түүнийг эрүүл мэндийн болон бусад шалтгаанаар төрийн хариуцлагатай алба хаших боломжгүй гэж хэдэнтээ ярьж бичиж байсан. Тэгэх тусам тэрбээр төрийн хараа хамгийн хурц байх шаардлагатай албан тушаалуудыг хашсаар ирсэн. Яагаад ийм байдаг талаар асууж сурагласан сэтгүүлчдэд холбогдох хүмүүс “Манай хүн хамгийн “но” багатай хүмүүсийн нэг” гэж хариулсан удаатай. Тэгэхээр “но” багатай гэдэг нь Монголын төрд алба хаших хүний хамгийн топ шалгуур гэж ойлгогдоно. Түүнийг эдүгээ Үндсэн хуулийн цэцэд ажилллуулах эсэх талаар ярьж буй аж. Гайхамшигтай. Үнэхээр Цэцэд орон тоо байгаа юм бол яагаад заавал төрийн нэг хариуцлагатай албанаас мултарсан хүнийг дахин урьж залах ёстой юм бэ. Түүнээс өөр хуульч Монголд байхгүй гэж үү. Эс бөгөөс үнэхээр олны ярьдгаар Төрийн албаны зөвлөлөөр дамжуулан төрийн аль нэг байгууллагад ажиллах шалгуур нь “но”-гүй, улс төрийн талбарын гол дүрд ойр хүн зэрэг үзүүлэлт юм уу. Хэрвээ тийм л юм бол төрийн албаны шалгалт гэж яах гэж авч бөөн зардал, чирэгдэл болгодог юм. Яах гэж “Төрийн албан хаагчийн эрмэлзэх зүйл” гэж зүйл, заалтаар жагсааж бичсэн тангараг ч юм уу, журам ч юм уу зүйл гаргаж ажил хийсэн эр зүүдэг юм бол.
Бас нэгэн онцгойлон анхаарах зүйл бол нийтлэлийн эхэнд дурдсанчлан төрийн албанд ажиллах хүсэлтээ илэрхийлэн байн байн өргөдөл бичиж, анкет бөглөж суугаа мэргэжил эзэмшиж, соёлд суралцсан, зөв зуршил, хандлагатай, хийх бүтээх, засч залруулах хүсэл эрмэлзлээр дүүрэн залууст ажиллах, сурч мэдсэнээ хэрэгжүүлэх боломж хэзээ олгох юм бэ. Үе улиран төрийн алба манаж суудаг, бүтээсэн гойд юмгүй, улс төрийн шалтгаанаар солигдож, орж гарч байдаг дарга нарын харцны аясаар бөнжигнөж, сүүлдээ хаашаа харж уйлж, хаашаа харж инээхээ мэдэхээ байсан төрийн алба хаагч нэртэй зусарчдыг үтэр түргэн жагсаалаас зоригтой гаргавал яасан юм бэ. Оронд нь шинэ сэргэг, сэтгэлгээ сайтай улс төрийн арц , хүжний үнэр арай бага шингэсэн хүмүүсийг авч ажиллуулбал төрийн албаны хүнд суртал, үр зардал багасах бус уу. Энэ асуултад эдүгээ Төрийн албаны зөвлөлийг удирдаж буй хууль зүйн ухааны доктор, профессор Д.Зүмбэрэллхам, тус зөвлөлийн орон тооны гишүүн, хуульч Б.Өнөбаатар, түүхийн ухааны доктор, профессор Д.Батбаяр болон орон тооны бус бусад гишүүнээс асуухад хүрч байна.
Төрийн албанд байгаа сул орон тооны талаар ил тод, олонд хүртээмжтэй, удаан хугацаагаар зарлан мэдээлж, Төрийн албанд ажилтан сонгон шалгаруулах шалгалтыг ч ил тод, олны нүдэн дээр авч дүнг мэдээлж байх ардчилсан, шударга зарчмыг ажил, мэргэжил, удирдлагынхаа гол зарчим, удирдамж болгомоор байна, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийг удирдаж буй эрхэм дарга нар аа. Эс бөгөөс Төрийн албаны зөвлөл гэх “Амьгүй албатуудын цуглуулга”-ыг тарааж дахин шинээр байгуулах нь олон түмний эрх ашигт нийцнэ.
“Өдрийн шуудан” сонин