
Ирэх долоо хоногийн даваа гарагт Монголын Хөрөнгийн биржийн ээлжит сургалт болно. Уг сургалт нь 2005 оноос эхлэн үнэт цаасны зах зээл сонирхогчдод системтэй мэдлэг олгох, иргэдийг энэ зах зээлд зөв оролцон жинхэнэ “тоглогч” болгох зорилгоор 50 гаруй удаа зохион байгуулагдаж байсан юм. Иргэд олноор хамрагдаж, ихээхэн сонирхож, идэвхтэй хамрагдаж байдаг бөгөөд өнгөрсөн хугацаанд 1400 гаруй хүн суралцаж, төгсөөд хөрөнгийн зах зээлийн салбарт амжилттай ажиллаж байгаа. Энэхүү сургалтаар үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа явуулж буй мэргэжилтнүүд болон шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтнууд хичээл заадаг нь суралцагсдын хувьд “халуун тогоонд” нь ажиллаж буй хүмүүсээс мэдээлэл сонсох, сонирхсон чиглэлээр зөвлөгөө авах боломжийг олгодог талаар хөрөнгийн биржийн мэргэжилтнүүд мэдээлж байна.