Үнийн өсөлт монголчуудыг хүссэн хүсээгүй хэмнэлтийн горимд шилжихэд хүргэж байгаатай адил усандаа ч ийм харамын сэтгэлээр хандах цаг хэдийнэ болжээ.
Улаанбаатарчууд ундны усны гачаалд орж үзээгүй. Харин шатахууны хомсдолд бол байн байн орж байсан. Өнөөдрийн байдлаар нэг литр усанд гэр хорооллын айл нэг төгрөг, орон сууцны өрх 25 мөнгө төлж байна. Зах зээлийн нийгэмд 25 мөнгө, нэг төгрөгөөр уснаас өөр юу худалдан авч болох вэ. Ганц ширхэг чихэр, нэг ширхэг бохь ч худалдан авч чадахгүй. Тэгэхээр монголчууд шиг ийм хямд үнээр чандмань эрдэнэ болсон усаа хэрэглэдэг орон дэлхийд бий болов уу. Мэдээж байхгүй.
Тэгвэл дэлхийн улс орнуудад усны үнэ сүүлийн таван жилд л гэхэд АНУ-д 27, Анлид 32, Австралид 45, Канадад 58 хувиар тус тус өссөн байна. Хэдий Америк, Английнх шиг өндөр цалин, амьдрах таатай орчин Монголд үгүй ч усны үнийг нэмэх шаардлага бий. Мэдээж хүн бүр үүнийг талархаж хүлээж авахгүй нь ойлгомжтой. Гэхдээ усны үнийг өсгөх асуудал дээр иргэдээс эмээх хэрэггүй гэж төр, засгийн шийдвэр гаргаж, бодлого тодорхойлогчдод зөвлөмөөр байна.
Учир нь, үнэгүй юм үнэгүй л байдаг. Хэрвээ манайх ангамал дэлхийн цангамал Монгол болох гээгүй л юм бол усны үнийг нэмж байж үнэ цэнийг нь ойлгуулах хэрэгтэй болов уу. Тэгж шийдэмгий хөдөлж байж Монгол Улсын цэвэр цэнгэг усны замбараагүй хэрэглээг хязгаарлаж, хэмнэж гамнах ухаанд сургаж, эдийн засгийн үр ашиг, урагштай хөгжлийг харах учиртай. Усыг манайхан чандмань эрдэнэ гэж сайхан нэрлэдэг ч чихэнд сонсголонтой сайхан үгээр илэрхийлэгдэх бүтээгдэхүүнийхээ үнэ цэнийг мэддэггүй.
Өнөөдөр Монгол Улс нэг хүнд ногдох усны нөөцөөрөө дэлхийд 56 дугаарт орж байна. Дэлхийн 14 улсад хийсэн судалгаанаас үзэхэд нэг шоо метр усны дундаж үнэ Хятадад 48 цент, АНУ-д 66 цент, Дани, Герман улсад 2.25 ам.долларын хооронд хэлбэлзэж байна. Эдгээр улстай харьцуулахад манай улсын усны үнэ 15-100 дахин хямд байгаагаас гадна усныхаа 50 шахам хувийг төлбөрөөс чөлөөлж үнэгүй ашиглуулна. Харин усны асуудлын тухайд үнэ цэнийг нь ойлгох, хайрлаж гамнах, сэтгэл зүрх л бидэнд дутаж байна.
Монгол Улсын Засгийн газраас 2011 оныг “Усны жил” хэмээн зарласан боловч авах арга хэмжээ, асуудлууд цаасан дээр л мяралзан жирэлзэн урссан байх. Туул голд хивсээ угааж, машинаа зүлгэх хүмүүсийн тоо цөөрсөн болов уу. Арьс ширний үйлдвэрлэлд ашигладаг хром хэмээх химийн элементийг төв цэвэрлэх байгууламж нь цэвэршүүлж дийлэхгүй шууд л Туул гол руу нийлүүлж буй.
Гэтэл хромыг үйлдвэрлэгч арьс ширний үйлдвэрийнхэнтэй ямар арга хэмжээ авч, хэдийнх нь үйл ажиллагааг хаагаа бол гээд бодохоор санаанд торох зүйл байхгүй л байна. Есөн жилийн дараа дуусах “Ус” үндэсний хөтөлбөрт хөрөнгө мөнгө хайж давхисаар байтал Улаанбаатар усны нөөцөө шавхах уу.
2010 оны хавар батлагдсан тус хөтөлбөрийн үр дүн хэзээ нүдэнд харагдаж, гарт баригдах бол оо. Цаасан дээр буусан усны төлөөх үйл ажиллагаа, чиг зорилтууд чимх ч болтугай ажил болж мэндлээсэй. Улсын хэмжээнд 551 гол, 483 нуур ширгэсэн гэх мэдээг “Усны жил”-ийн адагт БОАЖЯ-наас танилцууллаа.
Эдгээр тоог сонссон хэний сэтгэл хамгийн түрүүнд түгшсэн бол. Ийм үр дүнтэй, ийм сүржин онцлох жил байлаа гээд хэнд ашигтай байв. Хэн нэр төр олов.
”Усны жил”-д 140 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Үүний дүнд хаа нэгтээх голын ширгэх дөхсөн усны түвшин нэмэгдэж, бохирдол буурч чадсан гэвэл хэн ч үнэмшихгүй байх. Харин усны талаарх та бидний оюун санааг гэгээрүүлэх гэж зурагтай ном, хэвлэмэл хуудас тараахад чамгүй хөрөнгө зарсан нь үнэн. Зөвхөн өөрийнхөө төлөө усны ай сав, голын гольдролыг өөрчилсөн эрх мэдэл бүхий компанийн эзэдтэй хариуцлага тооцсон уу гэвэл бас л худлаа хэмээн Иргэний хөдөлгөөнийхөн мэдэгдсэн удаатай. Үүнийг салбарынхан нь үгүйсгэж байгаа. БОАЖ-ын сайд Л.Гансүх “Усны нөөц хамгаалах, үр ашигтай ашиглах, эрүүл ахуй, усны эх үүсвэрийг хамгаалах зэрэг төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн” хэмээн онцлов.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 58 дугаар чуулганаас “Ус-амьдралын эх булаг” хэмээн уриалсан. Ус олон улсын сэдэв, ус өөрөө онцгой геополитик болжээ. Харин манайд уул уурхай, дараа нь улс төр, их өсөлтийн тухай оньсого таалцаж суугааг дэлхий хараад гайхаж буй биз ээ.
“Усны жил”-д ус булингартаж, гол горхи чимээгүй нүд аниж байгаа нь өнөөдрийн төрх, маргаашийн гачигдал. БОАЖЯ-ны мэдээллээс үзэхэд улсын хэмжээнд ажиллаж байгаа 18 мянга гаруй үйлдвэр аж ахуйн газрууд 526 тонн химийн хаягдал гаргаж байгаа нь экологи, усан орчинд ямар нөлөө үзүүлэх нь тодорхой. Эрүүл монгол хүн дөрвөн уулын дундаас төрөх үү. Ус, утаа, уур бухимдал…
Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр 36,8 сая толгой малтай монголчуудын өрхийн төсөвт ус ямар үнэ цэнэтэй вэ. Улс орон оршин тогтнох, Улаанбаатар нүүх, суух нь устай шууд холбоотой атал бид хэдий болтол усанд тун тоомжиргүй хандах вэ. Манай улсын ДНБ-ий дөнгөж 0.25 хувийг усны салбарт зарцуулж байна. Монгол Улсад гамшгийн хэмжээнд хүрээд буй хоёр “У” бий. Үүнийг задалбал Утаа, Ус гэдэгтэй олон хүн санал нийлэх байх.
Төв Азийн гадагш урсацгүй ай савын урсац 2040 хүртэл нэмэгдэх бөгөөд цаашдаа буурах төлөвтэй байгааг Английн “Хэдлэй” төвийн уур амьсгалын ирээдүйн тоймд өгүүлсэн байна. Энэ нь мөнх цаст, мөсөн голууд дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн хайлж, алсдаа гол горхи, нуур тэжээлгүй болно гэсэн үг. Агаарын температурын өөрчлөлттэй уялдан Цамбагарав уулын мөстлийн хайлалт 2040-2069 оны үед 371 см-ээр нэмэгдэх төлөвтэй байна. Та хаа байсан 2040 он бэ гэж бодож магадгүй л дээ. Хэрэв Та одоо 40 настай бол 68 насны босгон дээр юу болох бол оо л гэж зүрх сэтгэлдээ ойр хүлээж ав.
Орон байр, унах унаа, хадгаламжид мөнгө гээд танд үр хойчдоо өвлүүлэхээр амжуулж хойшоо хийсэн зүйл бишгүй л бий байх. Харин усны хадгаламж нээсэн үү?
Дөрвөн жил тутамд хийх усны тооллогын дүнгээр улсын хэмжээнд нуурын ус 3126, устайд тооцогдох 6095 гол тоологджээ. Энэ хэр бодитой тоо вэ. Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний удирдах зөвлөлийн гишүүн Д.Энхтөр “Өнөөдөр нэг тэрбум хүн цэвэр усны хомсдолтой байна” гэв. Тэрбээр нэгэн сонирхолтой баримт хэлсэн юм. “Хүн эхийн хэвлийд байхдаа биеийнх нь 99 хувь нь уснаас бүрддэг. Харин амьдралынхаа хугацаанд хүний биеийн усны хэмжээ 70 хувь болж багасдаг. 50 хувиас бага болохоор хорвоогоос хальдаг. Өнөөдөр бид усыг юу ч бишээр бодож байхад хүний бие дээр аваад үзэхэд нүдний 99, уушиг, зүрхний 80, булчин шөрмөсний 75, ясны 20, өөх тосны 10 хувь нь тус тус уснаас бүрддэг. Шүдний паалан хүртэл 0.2 хувийн устай байдаг” гэлээ. Ус амьдралыг тэтгэгч амин булаг гэдэг нь эндээс тодорхой харагдаж байна.
1960-аад оны замбараагүй мод бэлтгэл, 1970-аад оноос нуурын ай сав газар дахь зэгсийг сүйтгэсэн, 1980-аад оноос усалгаатай газар тариалангийн үе эхэлж, голыг салаалж усалгаатай тариалангийн хэмжээ нэмэгдсэн, 1990-ээд оноос “Алт” хөтөлбөр хяналтгүй хэрэгжсэн, мөн тооцоо судалгаагүйгээр баригдсан усан цахилгаан станц, шинэ мянганаас уул уурхайн компаниуд усыг бохирдуулж эхэлсэн зэрэг нь Монголын усны салбар уруудахад нөлөөлсөн гэж үзэж болох ажээ.
Нэгэн зуунд монголчууд усанд хэт хайр гамгүй загнасан бол ангамал дэлхийн түүхээс сургамж аваад ирээдүйн хэрэглээгээ яагаад зөвөөр залж болохгүй гэж. Цэнхэр сувдаараа дэлхийд гайхуулах Монголын цэнгэг устай холбоотой хариулт нэхсэн асуулт хөвөрсөөр…
Монголд бэлчээр, ус ашигласан төлбөрөөс аль эрт мал, малчин хоёрыг чөлөөлсөн. Сүүлдээ бүр ноостой хонинд, ноосоо тушаасан малчинд мөнгө тараана. Гэтэл цаана нь хүн, малын ундаа болсон усны нөөц дундарч гол, горхи хатсан сайр, ангамал тал болон хувирахад маргааш төрөөс хайр зарласан мал, малчин хоёрынхоо хоолойг юугаар чийглэх болж байна вэ. Атар газар, усалгаатай тариаланг юугаар усалж, арвин ургац авах вэ?
Уул уурхайн компаниуд Орхон голыг улаанаар нь эргэтэл бохирдуулаад зогсохгүй, байгаль өөрөө өөрийгөө цэвэршүүлэх тэнхэлгүй болтол нь сөхрүүлж байна. Монголд алтны нинжаа очоогүй гол, горхи, хүнд техникийн мөр гараагүй уул хөндий цөөн болжээ. Гэтэл далайгаас хэдэн мянган бээр, эх газрын элгэнд буй монголчууд ус хэмээх амин эрдэнийг авран хамгаалах талаар хамтдаа сэтгэл зовох нь таны чин хүсэл зорилго буюу.
“Оюутолгой” компанийн зэс баяжуулах үйлдвэр хоногт 110 мянган тонн ус хэрэглэх тооцоо бий. Балгасын улаан нуурын ордоос 40176 тонн ус олборлоход 25 жил ашиглана. Өмнийн говь 25 жилийн дараа ямар байдалтай үлдэх бол. Газрын гүний усаа соруулсан говь нутагт хүн, мал тогтох уу.
Дорноговь аймагт “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор барихад усны асуудал босож ирнэ. Усны үндэсний төвийн захирал Ж.Далай “Хэрлэн говь”, “Орхон говь” төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд “Хэрлэн говь” төслийн үр дүнд Чойр, Сайншандыг цэвэр усаар хангах, Замын-Үүдийн усны асуудлыг шийдэх боломжтой” гэсэн юм. Мөн Сайншандаас зүүн хойш орших Бор хөөврийн говьд усны хайгуул хийх төслийг боловсруулж байгаа юм байна. Говийн бүсийн бүтээн байгуулалт усны асар их хэрэгцээ дагуулах нь мэдээж. Уул уурхайг усаар хангахын тулд “худаг” гаргах уу.
Дэлхийн банкны судалгаагаар манай орны өмнөд бүсийн усны хэрэглээ ойрын жилүүдэд 350 мянган шоо метр болох аж. “Уул уурхайд өнөөдөр 95 сая шоо метр усны хэрэгцээ даруй 10-20 дахин нэмэгдэхээр байна” хэмээн Усны газрын үйлдвэр эрхэлсэн орлогч дарга Ц.Сосорбарам ярьсан юм.
Уул уурхай бол усыг тонн тонноор ууна. Гэтэл өнгөрсөн 20 жилийн дотор уул уурхайн олборлолтын явцад 29 гол хэт бохирдсон хэмээн бүртгэгджээ. Тэд нэг литр гүний усанд 15 төгрөг, нэг шоо метр усанд 150 төгрөг л төлдөг байна. Гэтэл алт олборлоход нэг секундэд 500 литр ус хэрэглэдэг гэсэн тооцоо бий.
Дэлхийд хамгийн хямд үнээр гүний цэвэр ус хэрэглэж буй улаанбаатарчууд хоногтоо л 160 мянган шоо метр ус зарцуулж байна. Хэмнэж, гамнах ухаанд эртнээс суралцсан бол бид Монголын ирээдүй болсон хойч үедээ хэчнээн литр ус хадгалж чадах байсан бол оо. Мөн бид нийтээрээ усны үнэ цэнийг мэдрэхэд ийм хойрго хандах байсан гэж үү. “Томоохон хот суурин газруудын нийт хүн амын 22 орчим хувь нь крант нээхэд л цэвэр ус гоожих усны аман дээр амьдарч байна” хэмээн Ус сувгийн удирдах газар/УСУГ/-ын дарга Б.Пүрэвжав хэллээ.
Цоргоноос гоожих усан дусал бүр мөнгөөр хэмжигдэж буй энэ үед усыг юман чинээ бодохгүй байгаа нь бидний зөв үйлдэл мөн үү. “Улаанбаатар хотын газрын гүний ус бохирдож, нөөц дундрахад зуслангийн айлууд томоохон үүрэгтэй оролцож байгаа” хэмээн Усны газрын орлогч дарга З.Батбаяр тайлбарласан билээ. Учир нь, айл бүр “ОО”-той, хашаандаа гүний худагтай байгаа нь Сэлбэ гол ширгэж, Дунд гол мөхөж, Улиастайн гол тасалдаж, Туул жилээс жилд дундрахад нөлөөлсөн гэв.
Манай өмнөд хөрш усны нөөцийг олохын тулд Гурван хавцлын усан сан гэсэн дэлхийд хамгийн томд тооцогдох цахилгаан станц барьж бөмбөрцгийг алмайруулсан. Хатан гол хэмээн нэрлэдэг Шар мөрний үерийн усыг хуримтлуулах замаар Хойд Хятадын усны асуудлыг шийдсэн тус станцын тухай манай сэтгүүлийн дөрөв дэх дугаарт “Гурван хавцлын гайхамшиг” гэсэн сонирхолтой нийтлэл гарсан билээ.
“Манайх цас мөс үерийн усаа ашиглаж чаддаггүй. Уг нь бол ийм усыг ашиглахын тулд бид инженерийн байгууламж барих шаардлагатай” хэмээн Ц.Сосорбарам дарга учирласан. Хэдий манай улс усны гачаалд өнөөдөртөө өртөөгүй ч маргааш ийм зовлон ойрхон байна.
“Mongolian Economy” сэтгүүл
Холбоотой мэдээ