Лигийн аваргууд маргааш тодорно

Хуучирсан мэдээ: 2012.01.21-нд нийтлэгдсэн

Лигийн аваргууд маргааш тодорно

Монголын ширээний теннисний холбооны нэрэмжит 2011-2012 оны Үндэсний лигийн аварга шалгаруулах зургаа дахь удаагийн тэмцээний шигшээ тоглолтууд үргэлжиж байна.

Өнгөрсөн 12 дугаар сарын 2-нд нээлтээ хийсэн лигийн тоглолтод найман баг оролцсоноос шигшээ тоглолтод аваргын төлөө ОУХМ Л.Алтантулга ахлагчтай “Өег” баг, спортын мастер Э.Лхагвасүрэн ахлагчтай “Моннис” баг, хүрэл медалийн төлөө спортын мастер Д.Баярмагнай ахлагчтай “Грандфин” баг, спортын дэд мастер Билэгт ахлагчтай “Бласт” багууд шалгарч өчигдөр эхний тоглолтоо хийлээ.

Шийдвэрлэх тоглолтууд сонирхолтой болж цомын төлөө өрсөлдөж буй “Өег” баг, “Моннис” багийг 5:4-өөр буулган авлаа. Багуудын хожлын харьцаа 4:4 болж шийдвэрлэх 9 дэхь тоглолт охидын хооронд болсон. Ингээд “Өег” багийн залуу тамирчин А.Анх-Эрдэнэ, “Моннис” багийн Индраг 3:2-аар буулган авсанаар багтаа анхны хожлыг авчирлаа.

Хүрэл медалийн төлөө өнгөрсөн жилийн аварга “Грандфин” баг “Бааст” багийг 5:3-аар буулган авч анхны хожлоо авлаа.

Финалын сүүлийн тоглолтууд маргааш 10.00 цагаас “Оч” теннисний клуб болж энэ жилийн лигийн тоглолтын аваргууд тодрох болно.

Ингээд лигийн тоглолтын нэг бүрчлэнгийн эрэгтэй, эмэгтэй шилдэг тоглогчдыг танилцуулья. Эрэгтэйчүүдийг спортын мастер, МУ-ын аварга Э.Лхагвасүрэн, эмэгтэйчүүдийг ОУХМ, МУ-ын зургаан удаагийн аварга Б.Батхишиг нар тэргүүллээ. 

Эрэгтэй:

  1. Э.Лхагвасүрэн “Моннис”
  2. З.Төрболд “Грандфин”
  3. Б.Баатарсүрэн “Моннис”
  4. Л.Алтантулга “Өег”
  5. Н.Энхсайхан “Төмөртранс”

Эмэгтэй:

  1. Б.Батхишиг “Моннис”
  2. Ч.Номин-Эрдэнэ “Грандфин”
  3. М.Баярмаа “Бласт”
  4. Б.Эрдэнэ-Сувд “Баянхонгор”
  5. Б.Энхжин “Петровис” нар шалгарлаа. 


Тэмцээний үеэр “Өег” багийн залуу тоглогч, өсвөрийн улсын аваргын дөрвөн удаагийн аварга А.Анх-Эрдэнэтэй ярилцлаа. 

-Ширээний теннисний спортоор хэд дэхь жилдээ хичээллэж байна?

-7 дахь жилдээ хичээллэж байна. Би 8 настайгаасаа эхлэн хичээллэсэн.

-Энэ жил хэд дэхь Лигийн тоглолтондоо оролцож байна вэ?

-Дөрөв дэхь лигийн тоглолт маань.

-Өмнөх жилүүдийн амжилтаасаа дурдаач?

-Эхний хоёр жил "Төмөр-транс" багт тоглож дөрөвдүгээр байранд орсон. Өнгөрсөн жил "АПУ" багт тоглож шигшээд "Грандфин" багт хожигдож мөнгөн медаль дээр бууж байсан. Энэ жилийн хувьд "Өег" багт тоглолоо. Амжилтаа ахиулах бодолтой байгаа.

-Танай багийн хувьд хагас шигшээд “Грандфин” багтай тоглож шигшээ тоглолтод тоглох эрхээ авсан. Тэр тоглолтынхоо тухайд?

-Тиймээ хагас финалын тоглолт үнэхээр сонирхолтой болсон. Өнгөрсөн жилийн дэд аварга “Грандфин” багийн хувьд хүчтэй баг. Хагас финалын тоглолтод манай баг түрүүлж хоёр хожсоноор финалд гарч ирсэн. Тоглолтын хувьд мөн шийдвэрлэх 9 дэхь тоглолтод багтаа хожлийн оноог авчирсан. 

-Шигшээ тоглолтын тухайд?

– ОУХМ Л.Алтантулга ахлуулсан манай багийн хувьд өнөөдөр (өчигдөр) шигшээ тоглолтын анхны тоглолтоо хийлээ. Мэдээж тоглолт анхнаасаа ширүүн өрсөлдөөн дунд явагдаж хожлын харьцаа 4:4 болоод байсан. Ингээд шийдвэрлэх тавдугаар үед “Өег” багийн залуу тоглогч Индраг 3:2-аар хожиж ялалт авчирлаа. Ирэх ням гаригийн (01.22) тоглолт улам их хариуцлага хүлээж байгаа.

-Мөн та ОУХМ Б.Батхишигтэй тоглолсон тоглолтынхоо талаар?

-ОУХМ Б.Хишигтэй хэсгийн тоглолтын үеэр тоглохдоо хожиж чадаагүй. Энэ удаа шийдвэрлэх тоглолтод таарч түүнийг 3:1-ээр хожсон. 

-Нэг бүрчлэнгийн чансаа?

-Хэсгийн хоёр тоглолтын дараа нэг бүрчлэнгийн чансааг гаргадаг. Энэхүү чансаагаар би "Петровис" багийн тамирчин Б.Энхжинтэй оноо тэнцэж тавдугаар байрт орсон. Харин 2012 оны тамирчдын чансаагаар эмэгтэйчүүдэд 160 оноогоор тавдугаар байрт орсон. 

-Дараагийн тэмцээн?

-Ирэх саруудад хотын аварга болон бусад тэмцээнүүд байгаа. Тэр тэмцээнүүд их чухал. Учир нь оролцсон тэмцээнүүдээс харгалзан багийн ДАШТ-д явах тамирчдыг сонгох учиртай. Тиймээс хариуцлагатай тэмцээнүүд хүлээж байгаа.

Ч.Болор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж