Чуулганы цагийг сунгалаа

Хуучирсан мэдээ: 2012.01.20-нд нийтлэгдсэн

Чуулганы цагийг сунгалаа

Сайд нарыг чөлөөлөхтэй холбоотой асуудлаар УИХ-ын гишүүдийн тавих асуулт дуусахгүй байгаа тул УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны цагийг сунган хуралдаж байна.  УИХ-ын гишүүдийн хувьд хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарахаар өргөдлөө өгөөд буй сайд нарт “Сайн, муу” хоёр янзын дүн тавьж байна. Тэр дундаа Сангийн сайд С.Баярцогт, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа нарыг болохоос нь болохгүйг хүртэл зүтгэж ажилласан хэмээн үнэлж буй бол нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлт, мөн хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнээс “Хөөсөн ч гарахгүй” гэж мэдэгдэж байсан хэрнээ хэлсэн үгэндээ хүрээгүй гэж үзэн Тэргүүн шадар сайдад муу дүн тавих гишүүн ч байна. Гэхдээ сайд нарыг хамгийн сайн хэрэгжилттэй байгаа ажлуудаасаа гурвыг нэрлэ гэхэд Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг жижиг, дунд үйлдвэрийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлсэн бодлого үр дүнгээ өгсөн гэж мэдэгдсэн юм. Учир нь Тэргүүн шадар сайдаар томилогдох үед жижиг, дунд үйлдвэрийн зээлийн жилийн хүү 10 хувь байсан. Тэгвэл одоо зээлийн хүү жилийн долоон хувь болж буурсан. Мөн авсан зээлээ зургаан сарын дараа эргүүлэн төлөхийг шаарддаг байсан бол хугацааг уртасгасан. Нөгөөтэйгүүр, энэхүү жижиг, дунд үйлдвэрийн зээлийг дагаад “Сум хөгжүүлэх сан” гэдэг хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Хүү нь жилийн гурван хувь. Орон нутагт жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдийн хувьд дээрх зээлүүдэд ам сайтай байгаа. Гол нь дараагийн сайд энэ эрчийг бууруулахгүй ажиллах ёстой гэдгийг тэмдэглэж байна. Тэргүүн шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд хийсэн хоёр дахь том ажил бол иргэний шинэчилсэн бүртгэл. Монгол Улс малаа тоолж чаддаг хэрнээ хэдэн иргэнтэйгээ мэддэггүй. Гадаадад монголын хэдэн иргэд амьдарч байна вэ гэдэг дүн мэдээг Ерөнхий сайд нь мэддэггүй байсан үе ард хоцорсон. Ямар ч байсан одоогоор Улсын бүртгэлийн ерөнхий газарт 1.9 сая иргэний мэдээлэл бүртгэгдсэн. Хоёрхон секундэд тухайн иргэний мэдээлэл гаргаад ирэх боломжтой болсон. Нөгөө талаараа УИХ-ын сонгуулийг шударга явуулахад энэхүү шинэчилсэн бүртгэл суурь болно гэж хэлсэн юм.

Гурав дахь хийсэн ажилдаа чөлөөт бүсүүдийг нэрлэж байна. Тухайлбал, Алтанбулагийн чөлөөт бүсийн ажлын эрч энэ хэвээр явбал ирэх намар тууз хайчилна. Замын-Үүд дэх чөлөөт бүсийг харин 2013 онд ашиглалтад оруулах боломж бүрджээ.

Сангийн сайд С.Баярцогтын хувьд Оюутолгойн гэрээгээр сайрхаж байна. Гурван УИХ, таван Засгийн газрын нүүр дамжсан Оюутолгой төслийг хамтарсан Засгийн газар үзэглэж ажлыг эхлүүлсэн. Мөн Монгол Улсын зээлжих зэрэглэл нэмэгдсэн. Бага орлоготой орноос дундаж орлоготой орны тоонд орсон. Эдийн засгийн эрх чөлөөний индексээр хамгийн их амжилт гаргасан орны тоонд Монгол тэргүүлж байгаа, хоёр хөршөө хол хаясан. Эдийн засгийн өсөлтөөрөө мөн тэргүүлж байгаа. Хууль эрх зүйн хувьд орон нутагт төсвийн эрх мэдлийг шилжүүлсэн Төсвийн тухай хуулийг батлуулсан гээд хийсэн ажил нэлээд бийг хэллээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж