“Сoal Mongolia” чуулга уулзалтад 700 гаруй төлөөлөгч оролцохоос одоогийн байдлаар гадаад, дотоодын нийт 250 гаруй байгууллагын 500 гаруй төлөөлөгч бүртгүүлээд байгаа ажээ. Чуулганаар хэлэлцсэн асуудлаар “Conference proceedings” нэртэй эмхэтгэл гаргахаас гадна чуулганы мэдээллийг дэлхийн хэвлэл, мэдээллийн томоохон суваг болох “Bloomberg” телевизээр гаргах ажээ. Өнөөдрийн хэвлэлийн бага хурлын үеэр Мining.mn-ийн ерөнхий захирал Б.Алтаншагайгаас тодрууллаа.
-Хоёр дахь жилдээ болж буй уул уурхай, тэр дундаа нүүрсний салбарын нэгдсэн чуулга уулзалтын онцлог нь юу вэ?
-“Coal Mongolia” чуулга уулзалтыг Монголын эдийн засгийн өсөлтөд нүүрсний салбарын үзүүлэх нөлөө улам бүр нэмэгдэж буй цаг үед ийнхүү уламжлал болгон зохион байгуулах болсон нь онцлог, ач холбогдолтой юм л даа. Энэ удаагийн чуулга уулзалтын тухай анх удаа “Bloomberg”-ээр дамжуулах гэж байна. Энэ нь нэр төрийн хэрэг бөгөөд гадаадын хүчирхэг хөрөнгө оруулагчдыг улсынхаа зүг чиглүүлэх гүүр болох юм. Мөн чуулганд бусад улсын Элчин сайдууд оролцохын сацуу чуулганы “Conference proceedings” эмхэтгэл гарна гэдэг нь өмнөх жилийнхээс ялгарах том онцлог.
-Гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарлыг хандуулах, нөгөө талаар бидэнд зайлшгүй хэлэлцэх шаардлагатай асуудал болох цаашдын чиг хандлага, хөгжлөө тодорхойлоход ач холбогдол өгөх байх?
-Тэгэлгүй яахав. Монгол улсад хэрэгжүүлж буй нүүрсний хайгуул, олборлолт, боловсруулалтын төслүүдэд хөрөнгө оруулалт татах, байгаль орчинд ээлтэй, шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлэх болон гадаадын тавцанд өрсөлдөх чадварыг бий болгоход нэмэгдүүлэх зорилго болон ач холбогдолтой юм. Мөн нүүрсний үйлдвэрлэл, экспортын хурдацтай өсөлтийн үед уул уурхайн салбарын өмнө тулгарсан асуудлыг дотооддоо, төр, хувийн хэвшил хөрөнгө оруулагчид, судлаачид зэрэг тал талын оролцоотойгоор шийдэх гаргалгаа гарч ирнэ.
-Энэ үеэр хэлэлцэх асуудлуудаас дурдвал?
-Ерөнхийдөө чуулга уулзалт нүүрсний салбарын өнөөгийн байдал, чин хандлага, хөрөнгө оруулалтын төслүүд-эрчим хүчний нүүрс, Хөрөнгө оруулалтын төслүүд-коксжих нүүрс, Монголын нүүрсний салбарын хөгжил-сорилт ба боломжууд зэрэг хэсгүүдээс бүрдэх юм.