
Нөгөөтэйгүүр, төмөр замын тээврийн зардал хямд байдаг гэтэл, Сайншанд, Чойр, Чойбалсанд борлуулагдаж буй автобензин, дизелийн түлшний үнэ Улаанбаатарт борлуулагдаж буй автобензин, дизелийн түлшний үнээс 100-200 төгрөгөөр илүү байгаа нь мөн үндэслэлгүй гэж эрхэм гишүүд үзсэн байна. Тиймээс энэхүү асуулгыг тавьжээ. Асуулгад нэгдүгээрт, орон нутагт өндөр үнээр борлуулагдаж буй автобензин, дизелийн түлшний үнийг бууруулах, цаашид алслагдсан бүс нутгуудад бензин, түлшний үнийг бусад төвлөрсөн газруудын үнэтэй адил тэгш байлгахаар Засгийн газар тодорхой арга хэмжээ төлөвлөж байна уу. Хоёрдугаарт, Дорноговь, Говьсүмбэр, Дорнод аймгуудад борлуулж буй автобензин, дизелийн түлшний үнэ бодитой эсэхийг нягтлан шалгаж, дүнг танилцуулах. Гуравдугаарт, Өрсөлдөөний тухай хууль болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж, давамгай байдлаа хууль бусаар ашигласан автобензин, дизелийн түлш импортлогч аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцох. Хэрэглэгчдэд олон жил учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авах уу гэдэгт хуульд заасан хугацаанд хариулт өгөхийг хүссэн байна.