Өнөөдрийн жагсаалын үеэр Засгийн газар, УИХ-д шаардах бичиг хүргүүлж байгаа тухай зарлаад үнийн өсөлтийг яаралтай зохицуулахыг шаардсан бичгийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Хяналт шалгалт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга н.Даринчулуун, Засгийн газрын референт н.Оюунбилэг нарт хүлээлгэн өгсөн юм. Жагсагчид ийн Сүхбаатарын талбайн урд хэсэгт цаг гаруй хугацаанд үзэл бодлоо илэрхийлсний дараа Төрийн ордныг гороолохоор бөөндөө хөдөлсөн юм. Жагсаалд иргэний хөдөлгөөний төлөөлөл болсон хэд хэдэн хүн ирсний дотор О.Магнай байлаа. Хэвлэлийнхнээс нэлээд зай барьсан тэрбээр “Бидний гол зорилго бол УИХ-ыг тараах явдал” гэхээс өөр тодорхой зүйл ярихыг хүсээгүй юм.
Жагсаалд оролцогч, Сүхбаатар дүүргийн Тохижилт үйлчилгээний газрын ажилтан Ё.Мөнхтуяагаас дараах цөөн асуултад бид хариулт авсан юм.
-Та өнөөдрийн жагсаал хэр үр дүнтэй боллоо гэж бодож байна?
-Үр дүнд хүрээсэй л гэж хүсч байна. Өмнө нь би мөрөөрөө ажлаа хийгээд, хоногийн хоолоо сэтгэл амар залгуулдаг байсан. Гэтэл сүүлийн үед хичнээн мэрийж ажиллаад ч хэдэн төгрөгөө амьдралдаа хүргэж чадахаа больсон. Манай гэр бүл хоногт нэг талх иддэг байсан бол одоо нэг талхаа хоёр хоног идэж байна. Ард түмний амьдрал ийм байгааг би хэлэх гэж, харуулах гэж ирсэн юм.
-Шатахуун, бараа бүтээгдэхүүний үнэ эргээд бууна гэдэгт та итгэж байна уу?
-Төр засагтаа итгэж байна. Засгийн газар энэ талаар ямар нэгэн арга хэмжээ авна гэдэгт найдаж байна.
Харин жагсаалыг зохион байгуулсан МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар ийн ярьж байна.
-Жагсаалд албан ёсоор хэдэн хүн оролцож байна?
-Улаанбаатар хотод 10 мянга, Монгол орон даяар бол нийтдээ 50 мянга гаруй хүн жагсч байгаа гэх урьдчилсан мэдээ байна.
-Та бүхэн Засгийн газарт өгсөн шаардлагынхаа хариуг хэзээ авах вэ?
-Ард түмэндээ удахгүй хариулт өгнө гэдэгт найдаж байна. Хариугаа хүлээгээд байж байна.
-Шатахуун түгээх станцуудыг бүсэлнэ гэсэн яриа гарч байна.
-Тэр талаар одоогоор хэлж мэдэхгүй байна. Үүнийг хамт олноороо хэлэлцэж байж шийднэ.
Өглөөдөө тайван эхэлсэн жагсагчид үдээс хойшдоо багагүй дуулиан тарьж амжив. Засгийн газарт өгсөн шаардлагынхаа хариуг нэхсэн тэдний зарим нь Төрийн ордны хашааны хаалгуудыг бүсэлж амжсан юм. Энэ үеэр буюу 15 цаг өнгөрч байх үед УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд суухаар Төрийн ордон руу орох гэж явсан УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг жагсагчидтай тулж, тэдний зарим нь гишүүнд гар хүрээд авав. Жагсагчдын зарим нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсныг хэлэх үү, энэ үеэр Төрийн ордны гадна багагүй үймээн үүссэний эцэст Ч.Сайханбилэг гишүүн хамгаалагчдын тусламжтайгаар ордны хашаа руу нэвтэрсэн юм.
Зургийг ЭНД дарж үзнэ үү