Шатахууны үнийг дахин бууруулах боломжтой

Хуучирсан мэдээ: 2012.01.20-нд нийтлэгдсэн

Шатахууны үнийг дахин бууруулах боломжтой

Нэгдүгээр сарын 5-ны өдрийн байдлаар нефть импортлогч  нэр бүхий найман компани аж ахуйн нэгжүүдийн ШТС-аар А-80 бензин 1310 төгрөг, АИ-92 бензин 1590 төгрөг, Дизелийн түлшний үнэ 1650 төгрөгөөр, нэг ижил үнээр борлуулж байв.

Гэтэл 6-7-ны өдрүүдэд “НИК ХХК, “Петровис ХХК”, “Сод Монгол групп” ХХК-иуд үнээ хуучин тарифаар мөрдөж байсан бол бусад аж ахуйн нэгжүүд А-80 авто бензиныг 1550 болгон 240 төгрөгөөр, АИ-92 автобензиныг 1850 болгон 260 төгрөгөөр, Дизелийн түлшийг 1885 болгон 235 төгрөгөөр тус тус нэмсэн. Харин үнээ нэмээгүй байсан “НИК ХХК, “Петровис ХХК”, “Сод Монгол групп” ХХК-иуд 9-ний өдөр А-80 авто бензиныг 1520 төгрөг, АИ-92 автобензиныг 1820 төгрөг, Дизелийн түлшийг 1850 төгрөг болгосон нь бусад компаниудын үнээс 30-35 төгрөгөөр хямд борлуулалт байв.

Дээрх байдалтай холбогдуулан Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нефть импортлогч компаниудад шалгалт хийж үгсэн хуйвалдаж үнээ нэмсэн байна гэсэн дүгнэлт гарган  компаниудад улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн билээ. Албан шаардлагад “Хууль зөрчиж бүтээгдэхүүнийхээ үнийг хэлцэн тогтоосон  байдлаа таслан зогсоож, өөрийн өртөг зардалдаа үндэслэн бүтээгдэхүүнийхээ үнийг тогтоох талаар бие даан шийдвэр гаргаж хариу мэдэгдэхийг” үүрэг болгосон бөгөөд үүний дагуу нефть импортлогч  найман компани албан шаардлагын хариуг ирүүлсэн байна

2012 оны нэгдүгээр сарын 16-ны байдлаар бүх компаниудын ШТС-аар газрын тосны бүтээгдэхүүний жижиглэнгийн үнэ А-80 автобензин 1500 төгрөг, АИ-92 автобензиныг 1800 төгрөг, Дизелийн түлшийг 1850 төгрөг болж 35-50 төгрөгөөр буураад байгаа аж. Харин 16-ны өдрийн улсын байцаагчийн албан шаардлагад өгсөн хариуг харахад автобензин дизелийн түлшийг тус бүрд нь 20-30 төгрөгөөр буулгаж болохуйц байдал ажиглагджээ.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж