”Хөрөнгө мөнгөгүйгээс ажил явахгүй байсан”

Хуучирсан мэдээ: 2012.01.20-нд нийтлэгдсэн

”Хөрөнгө мөнгөгүйгээс ажил явахгүй байсан”

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Түүгээр сайдын суудлаасаа чөлөөлөгдөхөөр өргөдөл мэдүүлсэн зургаан сайдын асуудлыг авч хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга нарыг салбартаа ямар ажил амжуулсан, хэр үр дүнтэй ажилласан бэ гэдэгтээ үнэлэлт дүгнэлт өгөх хэрэгтэй байна гэсэн юм. Тиймээс сайд нар ажлаа дүгнэж хэллээ.

Эрүүл мэндийн сайд С.Ламбаа:

-Эрүүл мэндийн сайдаар ажилласан 3.4 жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын биелэлтээ Монгол Улсын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд нарт гаргаж өгсөн. Салбарын хэмжээнд эрх зүйн шинэчлэл хийхээр зорилт тавьсан. Ямар ч байсан УИХ-д 10 хууль өргөн барьснаас тав нь батлагдсан. Донорын тухай хуулийг өнөөдөр УИХ-ын даргад өргөн барилаа. Мөн 30 гаруй стратегийг баталж, 260 гаруй стандартыг мөрдүүлсэн. Эрүүл мэндийн сайдын алба авч байхад энэ салбарын жилийн төсөв 200 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байсан, шинээр томилогдох сайдад 484 тэрбум төгрөгийн төсөвтэй салбар хүлээлгэж өгнө. Гадаадын зээл тусламжаар нэгдсэн эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, бүсийн оношлогоо эмчилгээний төв байгуулах зэрэг ажлууд далайцтайгаар хийгдсэн. Хавдар судлалын үндэсний төвд Австрийн зээлээр гурван тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж шинээр суурилуулна. Эмч, мэргэжилтнүүдийг мөн сургана. Энэ цагт хавдрыг оношлох, эмчлэх бололцоо одоогийнхоос улам шат ахина, гуравдугаар нэгдсэн эмнэлэгт зүрхний мэс заслыг хийх сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглоно, Эх нялхасын эрдэм шинжилгээний төвийг мөн орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглоно” гэлээ. Түүнчлэн салбарын хэмжээнд 100 гаруй барилга баригдаж буйг мэдэгдлээ, мөн авто баазыг нь 471 шинэ тэргээр сэлбэсэн гээд яривал хийсэн ажил нэлээд бийг онцолж байна. Хамгийн олзуурхууштай нь, Монгол Улсын эрүүл мэндийн салбарт энэ хугацаанд 100 гаруй оношлогоо эмчилгээний шинэ арга нэвтэрчээ. Үүний үр дүнд элэг шилжлүүлэн суулгах мэс заслыг Монголд нутагшуулсан явдал аж. Монголын эмч нар гурван хүнд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийсэн. Удахгүй ясны чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг хийнэ. Шаардлагатай тоног төхөөрөмжийнх нь хөрөнгийг төсөвт суулгасан байгаа. Энэ мэтчлэнгээр яривал салбарын хэмжээнд боломжийн үр дүнгүүд гарсан гэдэг дүгнэлтийг С.Ламбаа сайд өглөө.

Харин Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга :

“Амьдралд хэрэгжсэн нь бага, цаасан дээр буусан нь бол чамгүй байгаа гэж хэллээ. Тухайлбал, УИХ-аас 2010 оны зургадугаар сарын 23-нд “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийг батлуулсан ч харамсалтай нь, Засгийн газар дээр төлөвлөсөн ажил яваагүй. Ялангуяа төмөр замын ажил яваагүй, хөрөнгө мөнгөний асуудал одоо хэр нь шийдэгдээгүй. Эхний ээлжинд 55 тэрбум төгрөг гарсан. Хөрөнгө мөнгөгүйгээс ажил явахгүй байсан учраас хувь хүмүүс ч хөрөнгөө гаргаад зарим нэг ажлуудыг эхлүүлсэн зүйлүүд байгаа” хэмээн онцоллоо.

Мөн утаанаас гарах гол гарц орон сууцжуулах хөтөлбөр байсан, гэвч энэ нь цаасан дээр л явсан. Хөгжлийн банк санхүүжилт шийдэж өгнө гэсэн ч, тэр нь хөдөлгөөнд ордоггүй. Уг нь уул уурхайн хөгжлийг дагаад эдийн засаг өсөлттэй гарч, эерэг байсан, гадаад талдаа дайн дажингүй үед хамтарсан Засгийн газрын үед олон ажлыг хийж болох байсан ч боломжоо ашиглаж чадаагүй, ажил яваагүй” гэж хэлж байна. Тэр дундаа Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Чиний ажил явахыг харна аа” гэж заналхийлж байсан. Хууль зүйн сайд ингэж хэлээд сууж байсныг хэлэх ёстой. Гэхдээ нэг зүйлийг онцолж хэлэхийг хүсч байна, манай яамныхан сайн ажилласан. Түүхэндээ анх удаа төмөр зам, МИАТ ашигтай ажилласан гээд та бүхэнд дуулгах таатай мэдээллүүд бас бий” гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг “Хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнээс хөөсөн ч гарахгүй” гэж мэдэгдэж байсан удаатай. Гэвч гарахаа мэдэгдсэн. Чухам юунаас болоод хамтарсан Засгаас гарах болсон шалтгааныг нь асууя гэж бодоод Үндэсний зөвлөлдөх хорооных нь хуралд орж суутал намын дарга нь шууд хөөсөн. Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан дээр асууж болдоггүй юм бол чуулганы танхимд асууя. Биднийг хөөгөөгүй байхад гэнэт үсэрч гарсан нь ямар учиртайд хариулт өгөөч. Хэлсэн үгэндээ бас эзэн болооч” гэв.

Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг: “Гарах орох яах вэ, 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдал Монголд сөргөлдөөнтэй байдал бий болгосон байсан. Энэ үед тэр үеийн олонхи болсон МАХН хамтарч ажиллая гэж санал тавьсан. Бид энэ саналыг намынхаа Удирдах зөвлөл, Үндэсний зөвлөлдөх хороогоор хэлэлцэн шийдвэрлээд хамтрахаар болсон. Түүнээс хоёр нам бие биедээ найр тавиад хамтарсан юм биш, хамтраад хийх ёстой асар олон ажил байсан учраас бид хамтарсан. Таван тэргүүлэх чиглэлийг тодорхойлж байсан, уул уурхайг хөгжүүлье, үйлдвэржүүлэлтийн бодлогыг дэвшүүлье, хүнсээ дотоодоосоо хангая. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг хөгжүүлье гэх мэт зорилт тавьсан. Хамтраад  гаргасан олон шийдвэрүүд бий, Монголын эдийн засагт суурь болох юмнууд ч бий. Алдаатай зүйлүүд байж магадгүй, олсон амжилт нь Ардчилсан намынх, алдаа нь МАН-ынх гэж хэн ч хэлээгүй. Хамтрах хугацаандаа хоёр нам сайн муугаар зөндөө хэлүүлсэн. Хоёр нам сайн муу хэлүүлэхдээ биш гол нь энэ дундаас ард түмэн хожих ёстой гэж бодож ажиллаж байсан. Тиймээс одоо байр байрандаа очъё л гэж байна” гэлээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж