IJF-ийн ерөнхийлөгч МЖБХ-нд захидал илгээжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.20-нд нийтлэгдсэн

IJF-ийн ерөнхийлөгч МЖБХ-нд захидал илгээжээ

Казахстаны Алматы хотноо нэгдүгээр сарын 14, 15-нд болсон жин, жингийн шилдэг 16 бөхийн халз тулаан “World Masters” тэмцээний эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Монголын хоёр тамирчин түрүү булаалдаж, алт, мөнгөн медалийн тавцанг эзэлсэн билээ. Финалын барилдаанд ОУХМ С.Мияарагчаа дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатарыг ялснаар “Мастерс”-ын хошой аварга болсон. 2010 онд анх удаа зохион байгуулсан “Мастерс”-т 66 кг-д ОУХМ С.Мияарагаа түрүүлж байсан бол өнгөрсөн жилийн тэмцээнд мөн тус жинд Х.Цагаанбаатар аваргалсан билээ. Харин энэ жилийн тэмцээнд өнгөрсөн хоёр тэмцээний аварга тамирчид финалдсан нь “Мастерс-2012” тэмцээний чимэг байсан юм.

Тэгвэл, “World Masters” тэмцээний дараа IJF-ийн ерөнхийлөгч Мариус Визер баг тамирчдаа амжилттай оролцуулсан Монголын жүдо бөхийн холбоонд хаяглан, захидал илгээжээ. Тус захидалд:

“Казахстаны Алматы хотноо болсон IJF-ийн “Мастерс” тэмцээнд танай жүдочдын гаргасан амжилтад үндэслэн миний бие танд болон танай холбоонд баяр хүргэхийг хүсч байна. Мөн энэ дашрамд жүдо бөхийн хөгжилд оруулсан хувь нэмэр, цаашдын үйл ажиллагааг дэмжиж буйд тань талархал илэрхийлье” гэжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж