Монгол ёсолгоог ТББ-ууд дэмжжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.20-нд нийтлэгдсэн

Монгол ёсолгоог ТББ-ууд дэмжжээ

Монгол. Монгол ёс. Монгол ёслол хэмээх сурталчилгаа өргөн далайцтай явж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор хүмүүсийн дунд “Энэ юу вэ?” гэсэн эргэлзээ үүсээд байгаа. Ихэнхи нь архины тамхины далд сурталчилгаатай холбон тайлбарлаж байгаа бол зохион байгуулагчдын зүгээс “Энэ бол ямар нэгэн архи, тамхины сурталчилгаа биш. Улс төр, бизнестэй ямар ч холбоогүй зүйл” хэмээн дахин дахин тайлбарласаар байгаа. Үнэндээ бол энэ бол монголчууд хүндэтгэлийн ёсолгоотой больё гэдэг зан заншил, угсаатны зүйтэй холбоотой сурталчилгаа билээ. Үүнийг олон талаар хардаж байгаа нь зохисгүй хэрэг хэмээн зохион байгуулагчид өгүүлж буй.

Тайландчууд залбирч байгаа мэт гараа хавсран ёсолдог. Гитлерийн үеэс үндсэрхэг үзэлтнүүд гараа өргөн ёсолдог нь өдгөө уламжлагдан ирлээ. Япончуудын тэргүүнээ газар шүргэн мэхийдэг ёс хүндэтгэлийн дээд хэлбэр нь. Үүнтэй адил монголчууд мөнх хөх тэнгэртээ хоёр гараа өргөн хандсан мэт хүндэтгэлийн ёсолгоотой болбол яасан юм бэ гэсэн санаа энд явж байна. Монгол ёсолгооны эхний сурталчилгаанд АУЗ Б.Лхагвасүрэн, жүжигчин Эби нар оролцон тоглосон бол, удаахид нь Олимпийн аварга Н.Түвшинбаяр, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар нар оролцон тоглож байна. Цаашид ч олон олон алдартан энэхүү сурталчилгаанд тоглохоо илэрхийлжээ.

Энэхүү ажлыг ТББ-ууд дэмжихээ зохион байгуулагчдад хандан илэрхийлжээ. Хэнтий аймагт төвтэй, нутаг орныхоо түүх, ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх эрхэм зорилготой “Хан Хэнтийн хөгжил, оролцоо” ТББ энэхүү ёсолгоог дэмжин, үйл ажиллагаанд оролцохоо илэрхийлжээ. Мөн Дорноговийн иргэдийн санаачлан байгуулсан “Хутагтын өлгий” ТББ дэмжихээ мэдэгджээ. Ийнхүү монгол ёсолгоо улам хүрээгээ тэлсээр байна.       

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж