“News International” хохирогчдод нөхөн төлбөр олгов

Хуучирсан мэдээ: 2012.01.20-нд нийтлэгдсэн

“News International” хохирогчдод нөхөн төлбөр олгов

“News International” олон улсын мэдээллийн компанийн охин компани болох “News of the World” сонин алдартнууд болон бусад хүмүүсийн гар утсыг хакердаж мэдээлэл авч байжээ. Британийн нэгэн хууль тогтоогч хакердуулсан бусад 17 хохирогчийн хамт “News of the World” мэдээллийн сониноос хувийн нууцад халдсаны төлбөр болгон их хэмжээний нөхөн төлбөр авснаа өчигдөр мэдэгдсэн байна.

“News of the World”-ын тэдгээр хохирогчдын дунд Английн Хөдөлмөрийн намын гишүүн Крис Брайнт, Ерөнхий сайдын төлөөлөгч асан Жон Прэскот, жүжигчин Жүд Лау, түүний хуучин эхнэр Сэйди Фрост, регби тамирчин Гавин Хэнсон зэрэг 18 хүн багтсан байна. Хохирогчдыг өмгөөлж байгаа Марк Томпсон болон түүний багийнхан “News of the world”-ын хохирогчдод олгосон нөхөн төлбөрийг нарийвчлан гаргажээ. Үүнд жүжигчин Жүд Лауд 130.000 фунт стирлинг, Сэйди Фростод 50.000, Жүд Лаугийн хувийн туслах Бен Жаксонд 40.000, мөн жүжигчний хэвлэлийн төлөөлөгч Сиара Паркест 35.000, регби тамирчин Гавин Хэнсонд 40.000, хунтайж Уилльямын найз Гая Пэллид 40.000, Ерөнхий сайдын төлөөлөгч агсан Жон Прэскотын хэрэг хариуцагч Жоан Хаммелд 40.000, мөн жүжигчин Стив Күүгэнтэй нэр холбогдоод байсан бүсгүй Лиса Гөүвэрт  30.000 фунт стирлинг тус тус өгчээ.

Өмгөөлөгч Марк Томпсон ирэх сарын шүүхийн шийдвэрээр бусад зарга мэдүүлэгчдэд хариуг өгнө гэж мэдэгджээ. Жүжигчин Жүд Лау ”Миний хувийн амьдралын асуудлууд хэрхэн олон нийтэд ил болоод байгаад  их гайхаж байсан. Би утсаа сольж, байраа нэг бүрчлэн шалгуулсан боловч мэдээлэл цацагдаад л байсан. Би түүнээс болж ойр дотны хүмүүсээ хардах болсон. Миний өмгөөлөгч болон цагдаагын ажилтнуудын олж нээсэн зүйлийг хараад үнэхээр цочирдсон” хэмээсэн байна. “News of the World” компанийн захирал James Murdoch нь “News International” олон улсын мэдээллийн компанийн эзэн захирал Rupert Murdoch-ийн хүү аж. James Murdoch-ийг алдартнуудын хувийн нууцыг дэлгэсэн хэргийг мэдэж байсан гэж буруутгаж байгаа билээ.

Т.Мөнхсайхан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж