Хуучирсан мэдээ: 2012.01.20-нд нийтлэгдсэн

Яаж амьдар гээв?

Монгол Улс даяар жагсч байна. Өргөн хэрэглээний барааны үнэ өсчихлөө. Үйлчилгээний хөлс нэмэгдчихлээ. Үүний эсрэг Засгийн газраас хариу арга хэмжээ авахыг шаардаж байна. “Энэ муусайн үйлдвэрлэгчид, үйлчилгээнийхэн л шатахууны нэмэгдлийн сургаар үнээ нэмчихлээ” гэх утгагүй үгийг урсгах улстөрчид даарин дээр давс нэмлээ. Иргэд энэ үгэнд тайвшрах нь байтугай шатахад бэлэн байна.

Хорь гаруйхан хоногийн өмнө хоолныхоо гурилыг 900 орчим төгрөгөөр авдаг байсан иргэд өдгөө 1100 төгрөгөөр авч байна. Махаа 500-1500 төгрөгийн нэмэгдэлтэйгээр арай ядан авч байна. Гадаа 25 хэмийн хүйтэн ч гэлээ иргэд жагсч байна. Угаас нүүрс худалдаж авах мөнгөгүй иргэд гэртээ даарснаас үгээ хэлж, үнийн өсөлтийн эсрэг даарч зогсохыг илүүд үзэж буй нь ойлгомжтой. Нүүрсний үнэн ч шуудай тутамдаа 100 төгрөгөөр нэмэгджээ. Литр тутамд 200 төгрөгөөр нэмэгдсэн шатахууныг худалдан авч тээвэрлэлтээ хийж буй гурил үйлдвэрлэгчид, мах бэлтгэгчид, нүүрс борлуулагчид, нийтийн тээврийнхэн, таксины жолооч үнээ нэмэхгүй гээд хаачих вэ.

Таксины үйлчилгээг аваад үзье л дээ. Нэг литр АИ 92 бензин 1800 төгрөг/Өмнө нь 1590 төгрөг байв/. Тэгэхээр литр тутамдаа 200 төгрөгөөр нэмэгдсэн гэсэн үг. Тиймээс тэд үйлчилгээнийхээ хөлсийг нэмэхээс өөр аргагүй. Машин нь улстөрчдийн амлалтаар бус шатахуунаар явдаг шүү дээ. За яах вэ,шатахууны үнийн өсөлт тэдэнд төдийлөн нөлөөлөхгүй гэх хүмүүс бий. Гэхдээ шатахуунаас өндөр үнээр авч буй жолооч нар бас л хүн. Тэдний ард гэр бүл нь бий. Тэд шатахууны үнийг дагаад өссөн мах, сүү, гурил, будаа хэрэглэнэ. Тухайн таксины жолооч үнээ нэмэхгүй бол хүнсээ авч дийлэхгүй. Өрх гэрээ тэжээж чадахгүй. Тиймээс үнээ нэмэхээс өөр аргагүй.

Гэтэл холбогдох дарга нар тэднийг зохиомлоор үнээ нэмчихлээ гээд байгаа нь амьдралаас тасарсан төлөөлөлтэйгөө л харуулж буй хэрэг биш гэж үү.

Тийм л зохиомол, зүй ёсны гэдгийг нь мэддэг байсан юм бол Монголбанкны хийсэн интервенцийг яагаад дуугарахгүй байгааг гайхаад байна. Энэ сарын 5-ны өдөр төв банк интервенц хийснээр валютын ханш буурах нь байтугай харин ч эсэргээрээ өссөн. Тухайн өдөр 66,35 сая ам.долларыг худалдсан Монголбанк нэг ам.долларыг 1414 төгрөгөөр худалдаалсан. Гэтэл үнэн хэрэгтээ тухайн өдөр валют арилжааны цэгүүдээр нэг ам.долларыг 1412 төгрөгөөр борлуулж байлаа. Уг нь бууруулах ёстой энэ үйлдлийг хийдэг болохоос өсгөхийн тулд биш шүү дээ.

Шувуу хүртэл буруу дэвчих гээд байдаг Монголд үүнийг нь соргогоор анзаарсан шатахуун импортлогчид шатахууныхаа үнийг литр тутамд нь 280-300 орчим төгрөгөөр нэмсэн. Ингэхдээ нэг мөсөн олигтойхон нэмээд хэл ам гарвал ялимгүй бууруулах байдлаар өөрсдийн төсөөлсөн үнээ тогтооно гэж тооцоолон түүнийгээ ч хэрэгжүүлээд амжив.

Энэ үйлдэлд нь харин Засгийн газар угаас огцрох өргөдлөө өгөх гэж буй дэд сайдыг огцруулсан болоод л өнгөрлөө. 

Шатахууны үнэ 280-300 төгрөгөөр нэмэгдээд 80 төгрөгөөр буурахад өргөн хэрэглээний барааны үнэ буурахгүй нь ойлгомжтой. Гэтэл эрүүл эдийн засгийг ярих ёстой хүмүүс нь “хямдралын долоо хоног зарлая” гээд явж байх жишээний. Хэрэвзээ шатахуун нь өмнөх түвшиндээ хүрээгүй, хүрээгүй учраас түүнийг дагаж өгссөн өргөн хэрэглээний барааны үнэ нь буураагүй байхад “таксигаа хямдруул” гэж хэлбэл дэндүү даварсан болно.

Албан тушаалтнуудын төсөөлөөд байгаа шиг таксины жолооч нар сая сая төгрөгийн хуримтлал үүсгэх боломжгүй хүмүүс. Тэд хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж, өдөр шөнөгүй давхингаа замын цагдаад татвар хураалгаж, зам биш “тамаар” дахиж машиныхаа эд ангийг эвдлэхээс наагуур болж байж өдрийн хоолоо л залгуулах өчүүхэн төгрөг олдог хүмүүс. Үлгэрт гардаг Үнсгэлжин биш дээ, тэднийг үнээр дарамталж байж үнээ бууруул гэх нь утгагүй биш үү. 

Үндэсний үйлдвэрлэгчдийг үнээ бууруул гэх нь ч утгагүй. Тэдний ард мянга мянган өрхийн амьдрал яваа. Бүгд шатахуун хэрэглээд байдаггүй ч бүгд гурил, мах иддэг. Авлигач төрийн албаныхан, татвар, мэргэжлийн хяналтын байцаагчдын дарамтыг даван арай ядан ажлын байр гаргаж буй үндэсний үйлдвэрлэгчдийг үнээ бууруул гэх нь “дампуур” гэсэнтэй огт ялгаагүй. 

Тиймээс л шатахуун импортлогчидтой хариуцлага тооцохын оронд үндэснийхээ цөөхөн үйлдвэрлэгч, үйлчилгээнийхнийг үнээ бууруул гэх нь утгагүй явдал.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж