Хуучирсан мэдээ: 2012.01.20-нд нийтлэгдсэн

“Луугийн үерлэлт”

Луу жилийг Хятадууд том аз тохиох өлзийтэй жил болно гэж хүлээж байна. Дорнын цаг тооллын арван хоёр жилийн нэгд тооцогддог луу Хятадуудын хувьд үлгэр домгийн учир битүүлэг амьтан төдий бус сүр хүч, суу билгийн бэлэг тэмдэг болдог. Эртний Хятадууд эзэн хаанаа луутай зүйрлэдэг байжээ. Тэр тусмаа луу жилд төрсөн хөвгүүдийг баян чинээлэг, буян заяатай гэдэгт тэд итгэдэг гэнэ. Ирэх хоёрдугаар сарын 23 Хятадын уламжлалт шинэ жилийн шинийн нэгний өдөр аж. Хятадад олон эцэг эхчүүд хүүхдээ луу жилд төрүүлэхээр хүлээж буй гэнэ. Хятадын тулааны урлагийн багш, кино од Брюс Ли, Хятадын их удирдагч Дэн Сяо Пинь, Хонконгийн нэрт жүжигчин Мэгги Чэнг, Сингапурын Ерөнхий сайд Ли Хсиен Лүнг нар луу жилд төрсөн юм. Өмнөх луу жилүүдэд Хятад, Хонконг, Тайвань, Сингапур зэрэг орнуудад хамгийн олон хүүхэд төрснийг судалгаа харуулжээ.  2000 оны луу жилд Хонконгт төрөлтийн тоо таван хувиар нэмэгдсэн аж. Хятадад ч мөн ирэх луу жилд төрөлт нэмэгдэнэ гэж мэргэжилтнүүд таамаглаж буйг “Синьхуа” мэдээлсэн юм. Нярайн өлгий, хувцас, хэрэглэлийн үйлдвэрүүд, жирэмсэн эмэгтэйчүүдэд зөвлөгөө, үйлчилгээ үзүүлдэг компаниуд ч энэ үеэр “цөм хийдэг” байна. Ирэх луу жилд Хятадад живхний худалдаа 17 хувиар өсч, худалдааны хэмжээ 28.4 тэрбум юаньд хүрнэ гэж “Bloomberg”  мэдээлсэн юм. Луу жилтэй хөвгүүдийн живхэнд ийм хэмжээний мөнгө зарцуулахдаа тэд санаа зовохгүй нь мэдээж.  “Энэ үеийнхэн сургуульд орж, хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх үед жинхэнэ өрсөлдөөн бий болно” гэж Хонконг дахь Хятадын их сургуулийн социологийн тэнхимын профессор Тонг Юинг ярьжээ. Луу жилд төрсөн одтой, адтай хүүхдүүд сургуульд орох  үед ачаалал нэмэгдэж, шилдэг сургуульд элсэхэд маш хатуу өрсөлдөөнд ялах болдог аж. Луу жилтэй хүүхэд бурхны хишиг  гэж болох ч нөгөө талаар бас хэцүү зүйл ч олон байдаг” гэж Малайз аав ярьсан байна. Тайваньд өнгөрсөн жил хүн амын төрөлт тутамд охин хүүхдийн тоо хамгийн бага буюу 0.9 хувьтай гарсан юм. Гэвч ирэх луу жилд төрөлт 20-30 хувиар нэмэгдэнэ гэж шинжээчид таамаглаж байгаа аж. Сингапурт ч мөн 2010 онд төрөлт тутамд охин хүүхдийн тоо 1.15 хувьтай байжээ. Гэвч хүн ам шигүү суурьшсан,  1.3 тэрбум хүн амтай Хятадын хувьд төрөлт ихсэх нь маш ноцтой асуудал. “Дөнгөж төрсөн луу жилтнүүдийн үерлэлт Хятадын эмнэлэг, цэцэрлэг, сургуульд маш том дарамт учруулна” гэж Сингапур дахь Зүүн Азийн институтын судлаач эрдэмтэн ярьжээ. Яг ийм шалтгаанаар эх газрын Хятадын ээж болох гэж буй олон эмэгтэйчүүд “нэг хүүхэд” хатуу хуулиас зугатааж, хүүхдийн боловсрол, сайхан ирээдүйн төлөө Хонконгийг зорьж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт Хонконгт хүүхдийн тэрэг түрсэн эмэгтэйчүүд эх газраас ирж буй шилжилт хөдөлгөөнийг эсэргүүцэн жагссан юм. Хонконгийн эрх баригчид улсын болон хувийн эмнэлэгт эх газрын болон гадаадын иргэдийг хүлээн авах лимит хүртэл тогтоож эхэлжээ. Өмнөх жилүүдийн статистик судалгаа луу жилд төрөлт ихэсдэг ч могой жилд эрс буурдгийг харуулсан байна. Луу жилтнүүдийн үерлэлт яваандаа хүн ам зүйн бодлогод сөрөг үр дагавар авчирна гэж мэргэжилтнүүд үзэж байна. Гэвч хүмүүс юу ч гэж ярьсан ирэх луу жилд Азийн улсуудад төрөлт эрс нэмэгдэхийг бүх үзүүлэлт харуулж байгаа юм. Фэнг шүйчдийн хэлж буйгаар хүү ч бай, охин ч бай луу жилд төрсөн хүүхэд буян заяатай нэгэн гэнэ. Эртний Хятадууд луу жилд төрсөн охид аливаад хэрсүү, авьяастай ч зовлон бэрхшээл туулах тавилантай гэдэг байжээ. Ялангуяа хайр дурлалд бүтэлгүйтэх нь олонтаа тохиолддог гэнэ. Луу жилд хүүхэдтэй болох хамгийн сайн үе нь тавдугаар сар аж. Харин жилийн эцэст энерги маш тогтворгүй болдог учраас сайнгүй гэж үздэг байна. Гэвч өрнөдөд боловсрол эзэмшсэн эх газрын Хятадууд эртний энэ итгэл үнэмшилд автдаггүй ажээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж