Түүнчлэн Оюутолгойн бүтээн байгуулалтын их ажилд 38 орны 65 компани туслан гүйцэтгэгчээр ажиллаж буйг мэдэгдсэн юм. Нийт 15 мянган ажилчин ажиллаж байгаагаас 10 мянга нь монголчууд аж.
Монгол Улсын Ерөнхийлөгч “Бүтээн байгуулалтын ажил төлөвлөснийхөө дагуу явж байгааг сайшаагаад цаашид монгол ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, мэргэжил мэдлэгтэй болгох, сургахад Оюутолгой компанийн зүгээс анхаарал хандуулахыг хүслээ. Мөн Засгийн газрын хувьд ч чармайлт гаргах хэрэгтэйг сануулж, төрийн тэргүүний хувьд цаашид ямагт сураг тавьж, анхаарлын төвдөө тавих болно гэдгээ мэдэгдлээ. Түүнчлэн монгол ажилчдын хувьд 14 хоног Оюутолгойн ордод ажиллаад, 14 хоног нь Улаанбаатар хот дахь ар гэртээ очиж амьдарч буйд анхаарах. Энэ бол цэрэгт явсан хүн шиг амьдарч байгаагаас ялгаагүй болж хувирч байна. Тиймээс Оюутолгойн ордод ажиллаж байгаа монголчууд ар гэрийнхэнтэйгээ хамтдаа амьдрах нөхцлөөр хангах. Үүний тулд ордыг түшиглэсэн хотхон байгуулах шаардлагатай гэсэн юм.
Хоёр дахь захиас нь Оюутолгой компанийн худалдан авалтыг тодорхой болгох, түүнд Монгол Улсын үндэсний компаниуд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлдэг бололцоо боломжоор хангахыг хүслээ. Төрийн тэргүүний хувьд үдээс хойш 17.00 цагт Өмнөговь аймгийн Ханбогд сумын иргэдтэй уулзах юм. Харин өчигдөр Тавантолгойн ордод ажилласныхаа дараа Цогтцэций суманд ажилласан. Цогтцэций сумын иргэдийн хувьд уул уурхай нь Монгол Улсын эдийн засгийн хөгжилд томоохон түлхэц үзүүлж буй ч, байгаль орчныг хамгаалах талд анхаарал хандуулахгүй бол малчдын хувьд малаа бэлчээх газаргүй болж байгаагийн зэрэгцээ иргэд амьдрах орчингүй болж хүнд болж байгааг сануулсан юм.