Оюутнуудын тэтгэлэг нь үндэсний, урамшууллын гэсэн хоёр төрөлтэй байх аж. Үндэсний тэтгэлэг нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувь буюу 70 мянган төгрөг байх бөгөөд зохих шалгуурыг хангасан өдрийн ангийн суралцагчдад суралцах хугацаанд нь сар бүр олгох юм. Өөрөөр хэлбэл, сурлага муу, хичээлээ тасалдаг оюутнууд тэтгэлэгт хамрагдахгүй гэсэн үг юм. Тодруулбал, бакалаврын зэргээр сурлагын өндөр амжилт гарган, 3.2 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэнцэх мөнгийг, 3.6 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж буй диплом, бакалавр, магистр, докторын зэргийн суралцагсад 75 хувийн тэтгэлэг олгох аж. Мөн улсын чанартай олимпиадад эхний гурван байрт орсон шинэ элсэгчид 100 хувийн, боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр олон улсын олимпиадад оролцож, шагналт байр эзэлсэн шинэ элсэгч бол мөн 100 хувийн тэтгэлгийг тус тус авах юм байна.
Магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрөөр болон гадаадын нэр хүндтэй сургуультай хамтарсан хос хөтөлбөрөөр суралцаж байгаа 2.8-аас дээш голчтой суралцагсад болон Монгол Улсад эрэлт хэрэгцээ ихтэй байгаа мэргэжлээр элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж нь 720-иос дээш оноо авсан шинэ элсэгчид, 2.8 болон түүнээс дээш голчтой суралцагсдад тус тус 50 хувийн тэтгэлэг олгон урамшуулахаар болжээ.
Харин хоёр улсын гэрээний дагуу амьжиргааны тэтгэлэггүйгээр гадаадын их, дээд сургуулиудад сурдаг болон манай улсад суралцаж буй гадаадын оюутнуудад тус тус амьжиргааны зардал олгохоор болсон байна.