Сайдуудын асуудлаар мэдээлэл хийлээ

Хуучирсан мэдээ: 2012.01.20-нд нийтлэгдсэн

Сайдуудын асуудлаар мэдээлэл хийлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны эхэнд Засгийн газрын зарим гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөлөх тухай асуудал хэлэлцлээ. Асуудлыг Ерөнхий сайд С.Батболд танилцууллаа.

АН-ын ҮЗХ-ны 35 дугаар хуралдааны шийдвэрээр АН хамтарсан Засгийн газраас гарахаа мэдэгдэж  АН-ын зургаан сайд албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдөл гаргасныг танилцуулж буйгаа Ерөнхий сайд мэдэгдлээ. Мөн хамтарч ажилласан АН-ын сайд нарт баярлаж талархсанаа илэрхийлэн, цаашдын ажилд нь амжилт хүссэн юм.

Байнгын хорооны хуралдаан дээр цөөнх болсон гишүүн Э.Бат-Үүл хэлэлцүүлгийн эхэнд горимын санал гаргалаа. Тэрбээр “Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр би эсэргүүцэл илэрхийлж цөөнх болсон. Үндсэн хуулиар сонгуулийн дүнгээр олонх болсон нам дангаараа Засгийн газраа байгуулдаг. Аль ч нам олонх болоогүй бол хамтарч засгаа байгуулдаг.  Гэтэл үүнийг зөрчиж олонх болсон МАН хамтарсан гэрээгээр 2008 онд АН-тай хамтарч Засгийн газар байгуулсан. Хамтарсан гэрээ одоо байхгүй болсон тул Ерөнхий сайд, Засгийн газрын бусад гишүүдийн хамт чөлөөлөгдөж, дахин МАН дангаараа засгаа шинэр байгуулах ёстой. Ийм маягаар хэлэлцүүлэхгүй бол зургаан хүний асуудлыг дангаар хэлэлцэх боломжгүй” хэмээв. Гишүүн Д.Тэрбишдагва “Хамтарсан Засгийн газрыг анхнаас нь дэмжээгүй хүний нэг бол би. Анхнаасаа АН-тай хамтраагүй бол бүр сайн, АН эртхэн гарсан бол сайн байх байлаа. АН-ын дарга ҮЗХ-ны хурал дээр олон зүйлийг хийж чадагүйгээ хүлээн зөвшөөрсөн. Гавьяа гээд байгаа Оюутолгойн гэрээ муу болсон. Гарын үсэг зурсан гарван сайдын хоёр нь АН-ынх. Зургаан сайдыг нэг бүрчлэн асууя” гэж байлаа.

Гишүүн С.Эрдэнэ Э.Бат-Үүл гишүүний байр суурийг дэмжсэн юм. Хамтарсан Засгийн газрын гэрээний  биелэлт хэдэн хувьтай байгааг тэрбээр тодруулахыг хүсч байв. Төмөр зам, 100 мянган айлын орон сууц зэрэг ажил яагаад хэрэгжээгүйг Х.Баттулга сайдаас С.Эрдэнэ гишүүн асуулаа. Гэрээний биелэлт 80 хувьтай гэдэг нь юу болохыг мөн асуулаа. АН Засгийн газраас гарсны хүчинд дутуу асуудлууд сөхөгдсөнөөс биш хамтарсан нэрийн дор дутагдлаа нууж ирснийг мөн хэлэв. Тэрбээр Ерөнхий сайд, Сангийн сайд, Эрүүл мэндийн сайд нараас холбогдох асуултуудад хариулт авахыг хүссэн юм. Ерөнхий сайд Засгийн газрын мөрийн хөтөлбөр 82 хувийн хэрэгжилттэй, гурав илүү жилд чамгүй ажил хийж ирснээ  хэллээ. Гадаад талд эдийн засгийн хямралын давалгаа намжаагүй, амаргүй сорилтууд хүлээж байгаа ч Засгийн газар цаашид ажлаа дуустал, давсаа уустал хийнэ гэдгээ амлав.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын биелэлт 90 хувь руу дөхөж явааг сайд Л.Гансүх танилцууллаа. Сангийн сайд С.Баярцогт хамтарсан Засгийн газар байгуулсан нь Үндсэн хууль зөрчсөн зүйлгүй гээд гишүүн Э.Бат-Үүлийг Үндсэн хуулийн зүйл заалтаа буруу харсан юм шиг байна хэмээж байв. Эдийн засгийн өсөлт хангасан орны нэг болсныг хамтарсан Засгийн газрын нэг том үзүүлэлт гэлээ. Гишүүн С.Эрдэнэ харин Монголын эдийн засаг өссөн ч иргэдийн ядуурал 40 хувьтай байгааг дурдаж засгаас гарч байгаа юм бол сөрөг хүчний үүргээ гүйцэтгэхийг Сангийн сайдад сануулав. Эрүүл мэндийн сайд энэ удаа хариулт өгсөнгүй.

Харин гишүүн Ө.Энхтүвшин нэгэнт сонгууль дөхөж дан дангаараа ялгарах цаг нь болоод АН-ын сайд нар чөлөөлөгдөж байхад олон зүйл яриад хэрэггүй. Хамтарч хийх ажлаа ч хийсэн, дутуу нь ч үлдсэн. Засгаа яаралтай бүрдүүлэхгүй бол юмны үнэ өсч байдал хүндрэх маягтай байна. Дэмий юм ярихаар ажлаа түргэлье гэлээ. Тэгээд сайддуудыг чөлөөлөх асуудлаар санал хураалгах горимын санал гаргасан юм.

Үдийн завсарлагын цаг болсон ч маргаан үргэлжлэх шинжтэй болоход УИХ-ын дарга горимын саналыг дэмжиж сайдуудыг чөлөөлөх асуудлаар санал хураалгахаар болсон ч гишүүдийн дийлэнх асуудлыг үргэлжлүүлэн ярья гэсэн тул чуулганы хуралдаанаар эл асуудлыг 15.00 цагаас үргэлжлүүлэн хуралдахаар болж 13.15 цагт түр завсарлуулав.

                            Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж