МЦХ халсан ажилтнууддаа тэтгэмж олгоно

Хуучирсан мэдээ: 2012.01.20-нд нийтлэгдсэн

МЦХ халсан ажилтнууддаа тэтгэмж олгоно

“МЦХ” /Монголын цахилгаан холбоо/ компани алдагдалтай ажиллахад хүрсэн тул  200 ажилтнаа цомхотгосон билээ. Өдөр ирэх бүр суурин утасны хэрэглээ хумигдаж, үүрэн телефоны операторууд зах зээлд тэргүүлэх байр суурийг эзэлсэн нь МЦХ компанийг ажилтнуудаа цомхотгоход хүргэсэн байна. Тиймээс шаардлагагүй гэж үзсэн хөдөө, орон нутгийн 140, нийслэлийн 60 ажлын байрыг  цомхотгосон юм. Үүний дараа ажлаас халагдсантай хүмүүсийн асуудалтай холбогдуулан Монголын тээвэр, холбоо, газрын тосны ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооноос компанийн удирдлагуудад удаа дараа шаардлага хүргүүлсний үр дүнд дээрх халагдсан хүмүүст 3-9 сарын цалинтай тэнцэх хэмжээний  тэтгэмж олгохоор болжээ.

Энэ талаар Монголын тээвэр, холбоо, газрын тосны ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга С.Эрдэнэбатаас тодруулахад “Манай үйлдвэрчний эвлэлийн холбооноос энэ асуудалд анхаарал хандуулж, шаардлага хүргүүлсний дүнд орон тооны цомхотголоор ажлаас халагдсан хүмүүст  олгох тэтгэмжийг нэмэгдүүллээ. Цомхотголд орсон 200 ажилтны олонх нь хөдөө орон нутгийн салбарт олон жил ажилласан хүмүүс байгаа. Мөн түүнчлэн МЦХ компани манай үйлдвэрчний эвлэлийн зүгээс үүрэн телефоны эрх өгөхийг хүссэн боловч Засгийн газар, Харилцаа холбооны зохицуулах хорооноос зөвшөөрөөгүй. Хэрэв үүрэн телефоны эрх өгчихвөл ажилтнаа халахгүй, алдагдлаа нөхөж ажиллах боломжтой байсан” гэв.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж