“Safety first-2012” бага хурал зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2012.01.20-нд нийтлэгдсэн

“Safety first-2012” бага хурал зохион байгуулна

Монголын Уул Уурхайн Үндэсний
Ассоциаци  “Нэн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал” бага хурал,
үзэсгэлэнг гуравдугаар сарын 22, 23-нд “Чннгис” зочид буудалд анх удаа
зохион байгуулахаар болжээ.

Энэхүү арга хэмжээгээр уул уурхайн салбар дахь хөдөлмөрийн аюулгүй
байдлыг хангах хүрээнд төрөөс баримталж буй бодлого, аж ахуйн нэгжүүдийн
тэргүүн туршлага, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах шилдэг дэвшилтэт
техник технологи, арга ажиллагаа болон эрсдлийн менежмент гэсэн сэдвийг
хөндөх аж. Мөн бага хурлын үеэр зохион байгуулагдах үзэсгэлэнд хөдөлмөр
хамгаалал, аюулгүй ажиллагааны хувцас хэрэглэл, багаж тоног төхөөрөмж
үйлдвэрлэгч, нийлүүлэгчид өргөнөөр оролцож, өөрсдийн бүтээгдэхүүн,
үйлчилгээг танилцуулах юм байна.

Өнөөдөр манай улсын уул уурхайн салбарт хурцаар тавигдаж буй асуудлын
нэг нь хөдөлмөрийн аюулгүй байдал. Уул уурхайн салбар өндөр хөгжсөн
дэлхийн улс орнуудад “Эхлээд аюулгүй ажиллагаа, дараа нь үйлдвэрлэл”
гэсэн зарчим мөрдөгддөг. Аюулгүй ажиллагааг чанд баримталснаар уул
уурхайн үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагаа хангагдаж, тэр хэрээр тухайн
аж ахуйн нэгжийн нэр хүнд дээшилж, ашиг орлого ч нэмэгдэх нь зүйн хэрэг.

Тиймээс Монгол Улсад хариуцлагатай уул уурхайг хэвшүүлэхийн төлөө
бодлого, үйл ажиллагаагаа явуулж буй тус ассоциаци нь дээрх тулгамдсан
асуудлуудыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, уул уурхайн үйлдвэрлэлийн
аюулгүй байдлыг хангахад тулгарч буй эрсдэл, хүндрэл бэрхшээл,
тэдгээрийг даван туулах боломжийг хамтдаа хайх, бие биенийхээ тэргүүн
туршлагаас суралцах боломжийг нээх үүднээс “Нэн түрүүнд хөдөлмөрийн
аюулгүй байдал” бага хурал, үзэсгэлэнг зохион байгуулж байгаа юм байна.

Г.Идэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж